Төв банкнаас банкуудын зээлийн төлөвийн түүвэр судалгааг хийжээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 12-22-ны өдрийн хооронд санал асуулга хэлбэрээр, өнгөрсөн болон ирэх гурван сарын хугацааны зээлийн шалгуур, нөхцөл, эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг цуглуулан нэгтгэж, тайлан боловсруулсан байна. Судалгааны үр дүнг товч танилцуулбал:
ЗЭЭЛИЙН ШАЛГУУР:
Өнгөрсөн гурван сарын хугацаанд том банкууд аж ахуйн нэгжийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй бол иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулжээ. Харин дунд болон жижиг банкууд зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна.
Ирэх гурван сарын хугацаанд хугацаанд том банкууд аж ахуйн нэгжийн зээлийн шалгуураа бага зэрэг сулруулах, иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулах төлөвтэй байгаа бол жижиг болон дунд банкууд зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах хандлагатай байна.
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Өнгөрсөн гурван сарын хугацаанд банкууд аж ахуйн нэгж, иргэдийн зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаагүй байна. Ирэх гурван сарын хугацаанд банкууд зээлийн нөхцөлөө хэвээр хадгалах хүлээлттэй байна.
ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ:
Өнгөрсөн гурван сарын хугацаанд том банкуудын зээлийн эрэлт бага зэрэг нэмэгджээ. Харин дунд болон жижиг банкуудын зээлийн эрэлтэд өөрчлөлт ороогүй байна.
Ирэх гурван сард том банкууд зээлийн эрэлт нэлээд нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа бол дунд болон жижиг банкууд зээлийн эрэлт өөрчлөгдөхгүй гэж үзэж байна.
ЗЭЭЛИЙН НИЙЛҮҮЛЭЛТ:
Ирэх гурван сард том банкууд аж ахуйн нэгжийн зээлийн нийлүүлэлтээ бага зэрэг, иргэдийн зээлийн нийлүүлэлтээ нэлээд нэмэгдүүлэх төлөвтэй байна. Харин дунд болон жижиг банкууд зээлийн нийлүүлэлтээ хэвээр хадгалах хандлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )