Инфляц 7% болж, өсөлтийн хурдац нь жилийн өмнөхөөс 5.2%-иар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 13

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны  хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 1.5 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ. 

Сануулахад, нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 7.6 хувийн өсөлттэй гарч байсан юм. 

Хоёрдугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.1 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 8.3 хувь, Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 11.3 хувь, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 6.1 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна. 

Мөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 10.1хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.8 хувиар, барааны бүлгийн үнэ 7.0 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.3 хувиар тус тус өсжээ.

Инфляцын түвшин 2023 оны хоёрдугаар сард 12.2 хувь гарсан бол 2024 оны хоёрдугаар сард 7.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.2 нэгж хувиар буурсан байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.3 нэгж хувиар (32.9%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.5 нэгж хувиар (50.0%) тус тус нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top