ШИЙДВЭР: Бодлогын хүүг 1%-иар буурууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2024 оны гуравдугаар сарын 14, 15-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг  1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд:

1) Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх,

2) Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг тус тус гаргажээ. 

Мөнгөний бодлогын мэдэгдэлд:

Жилийн инфляц 2024 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувьд хүрч буурлаа. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, худалдааны түнш орнуудын буурч буй инфляц, чангарч буй төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зэрэг нь нийт инфляцын бууралтад гол нөлөө үзүүлэв. 

Цаашид инфляц алгуур буурч, төв банкны зорилтын дээд интервалын орчимд байх төлөвтэй байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляц өндөр байгаагийн зэрэгцээ цалин, тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл бий.

Эдийн засгийн өсөлт 2023 онд 7.0 хувьд хүрч өсөхөд нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхай, түүнээс хамааралтай салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. 

Гэвч өвлийн саруудад үүсээд буй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбар энэ онд үргэлжлэн агших төлөвтэй байна. Энэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө.

АНУ, ОХУ-ын эдийн засгийн өсөлт сайжирч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл  өмнөхөөс нэмэгдсэн хэдий ч манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын өсөлтийн төлөв удааширч, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс түүхий эдийн үнэ буурч болзошгүй байна.

Инфляц буурч, зорилтын интервалд тогтворжихоор байгаа тул санхүүжилтийн нөхцөлийг сулруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малчдын зээлийн эргэн төлөлт доголдож, төлбөрийн чадварын хүндрэлд орох эрсдэл үүсэж болзошгүй байна.

Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарын хүндрэлийг бууруулах зорилгоор эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгахтай холбоотой шийдвэр гаргалаа.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ"  гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top