Үндэсний Статистикийн Хорооноос "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023”-ын урьдчилсан үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Нью-Йорк дахь төв оффис болон Ази номхон далайн бүсийн мэргэжилтнүүд судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулж, захиргааны мэдээ болон бусад эх үүсвэр, өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад хэр нийцтэй байгаа талаар мөн өссөн, буурсан шалтгааныг хэрхэн тайлбарлах, үр дүнг хэрхэн тархаах талаар санал солилцжээ.
Үндэсний Статистикийн Хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гурав дахь удаа зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа (MICS-7)”-ны шинэ удирдамж, загварын дагуу зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж.
Судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 13 850 өрх хамрагдсан бөгөөд мэдээлэл цуглуулалт 2023 оны 10 дугаар сарын 4-өөс 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжилсэн.
Судалгааны хүрээнд өрх, хүн амын амьдралын нөхцөл, эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын талаарх тоон мэдээллийг цуглуулж, баяжуулахаас гадна олон улсын болон үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь мэдээлэл болдгоороо чухал ач холбогдолтой гэж ҮСХ үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )