Макро эдийн засгийн 2025-2027 оны таамаглалыг танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд  “Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. (2024.03.21)

Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, хууль зүйн үндэслэлд тулгуурлан, эдийн засаг, төсвийн өнөөгийн байдал, макро эдийн засгийн загвар, таамаглал, гадаад, дотоод орчны эрсдэлт хүчин зүйлсэд хийсэн дүн шинжилгээ, судалгааг танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн төлөв байдлын хүрээнд эдийн засгийн бодит өсөлт, гадаад худалдааны эргэлт, экспортын хэмжээ, өөрчлөлтийг танилцуулж, өнгөрсөн оны байдлаар нийт экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг дурдлаа. 

Түүнчлэн 2008 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцэд хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарын эзлэх хувь эн тэнцүү байсан бол 2022 он гэхэд уул уурхайн салбар дангаараа 25.1 хувийг эзэлсэн байна. Зөвлөлийн гишүүдийн зүгээс Монгол Улсын макро эдийн засгийн 2025-2027 оны таамаглалын суурь хувилбарыг боловсруулахдаа макро эдийн засгийн үндсэн хоёр загварыг ашиглаж, гадаад дотоод орчны нөлөөлөл, эрсдэлийг тооцож, түүнийг бууруулахад анхаарснаас гадна уг тооцоолол нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэж байлаа. Ингэхдээ ирэх жилүүдийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалыг хувиар харуулж, төсвийн орлого, зарлага, тэнцлийн таамаглалыг гарган, Монгол Улсын төсвийн зарлагын дээд, доод хязгаарыг тодорхойлжээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийн мэдээлснээр, дэлхийн улс төр, олон улсын геополитикийн нөхцөл байдал, хөрш орнуудын эдийн засгийн төлөв, өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь гадаад орчны нөхцөл байдалд хамаарах бол эдийн засгийн бүтэц, төсвийн тэлэлт, төсвийн орлогод уул уурхайн салбарын эзлэх хувь зэрэг үзүүлэлтүүд дотоод орчны эрсдэлд багтах аж. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар, зөвлөлийн гишүүдийн зүгээс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоог холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top