Б.Төрболд: Ерөнхий аудиторыг томилохдоо УИХ-ын дарга шууд нэр дэвшүүлж буй нь учир дутагдалтай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

Нээлттэй Нийгэм Форум "Оюуны-инноваци", "Цогц хөгжлийн үндэсний төв" ТББ-уудтай хамтран “Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал ба Улсын Ерөнхий Аудиторын томилгоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

“Оюуны-инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболдын танилцуулсан “Ерөнхий аудиторын томилгоо” сэдэвт илтгэлд “Ерөнхий аудиторыг томилохдоо томилгооны хараат бус байдлыг хангалгүйгээр УИХ-ын дарга шууд нэр дэвшүүлж буй нь учир дутагдалтай.

Сөрөг хүчинтэй зөвшилцөхгүйгээр эрх барьж буй нам дангаар ийнхүү шийдвэрлэж байгаа нь хараат бус байдал алдагдах эрсдэл үүсгэж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Улсын Ерөнхий Аудитораар ажилласан таван хүнээс нэг нь л зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллажээ.

Цаашид Улсын Ерөнхий Аудиторын томилгооны хараат бус байдлыг хангахын тулд УИХ дахь олонх, цөөнхийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах, түүнчлэн нээлттэй сонсгол хийж томилох нь зүйтэй" гэв.     

Мөн "Үндэсний аудитын газрын дарга асан, Улсын Ерөнхий Аудитораар ажиллаж байсан Д.Занданбат нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч одоог болтол дараагийн томилгоо хийгдээгүй байна. Уг нь Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу ээлжит чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор Үндэсний аудитын газрын дарга, Улсын Ерөнхий Аудиторыг нөхөн томилох ёстой. Тус хуулийн 28.4-т Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлсөн, огцруулсан бол УИХ энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторыг 30 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор нөхөн томилно гэсэн заалтыг зөрчиж байна" гэсэн юм. 

Хэлэлцүүлэгт оролцсон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон судлаачдын зүгээс Үндэсний аудитын газар нь төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд түүнчлэн сонгуулийн зардлын тайланд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага тул удирдлагыг хуулийн хугацаанд багтаан томилох шаардлагатайг онцолж байлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top