Г.Амартүвшин: Банкуудын болон Ипотекийн тогтолцооны гажуудлаас хурдан гарах хэрэгтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

Чуулганы нэгдсэн хуралдаанаар  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин дараах байр суурийг илэрхийллээ. 

"Үнэт үнэт цаасны зах зээл манай улсад хөгжиж байгаа ч банкууд энэ зах зээлийг давамгайлсан хэвээрээ байна. Хамгийн сүүлийн мэдээллээр банкуудын Монголбанкны үнэт цаасны багц хэмжээ нь 10 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эргэлтэд орохгүй банкуудын баланс дээр зүгээр хүү тооцогдоод л байж байна гэсэн үг. Гэтэл зээлийн хүү буурахгүй хэвээрээ байна. Жижиг, дунд бизнесийн болоод хэрэглээний зээлийн хүү 20 хувь давчихсан, иргэдийн хамгийн их авахыг хүсдэг жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүлээгдэж байгаа өргөдлүүд нь 15 мянга гаруйд хүрчээ. Сар болгон суларч байгаа эх үүсвэрийг нь тооцвол хоёр жилийн дараалал үүсчихсэн, 1.5 их наяд төгрөгийн ипотекийн эрэлт байна гэсэн үг. Тэгэхээр банкуудын болон ипотекийн тогтолцооны гажуудлаас бид маш хурдан гарах хэрэгтэй байна. Үүнд үнэт цаасны зах зээл маш том үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. Хэлэлцэж буй хуулийн төсөлд шинэ төрлийн үнэт цаас, шинэ төрлийн хэрэгсэл гаргах ямар боломжуудыг нээхээр тусгасан бэ. Хөрөнгө оруулалтын сангуудын тогтолцоог хэрхэн өөрчилж байгаа вэ" гэж асуусан юм. 

Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн салбарын гурван тулгуур баганын нэг болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь эдийн засгийн суурь бүтцэд маш чухал нөлөөтэй. Хөрөнгийн зах зээлийн хөгжил банкны салбартай шууд хамааралтай байгаа. Хуулийн төсөлд олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар тусгасан. Хөрөнгийн зах зээл дээр санхүүжилтийг зөвхөн Монголын хөрөнгийн бирж татдаг. Харин биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц өгөх өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Энэ хүрээнд маш богино хугацаанд 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас босгохоор бүртгэл нь хийгдсэн. Яг өнөөдрийн байдлаар 1.9 их наядын санхүүжилт татчихсан байж байгаа. Мөн хадгаламжийн сертификат байна. Хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд оруулж ирж, харьцангуй найдвартай хямд эх үүсвэр татах боломж нээгдэж байгаа. Энэ хэрээр банкны салбар дахь эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой нөлөөлнө гэж үзэж байгаа. Ялангуяа гарааны компаниуд “крауд фандинг” хэлбэрээр олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн зохицуулалт хуулийн төсөлд туссан. Энэ хэрээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарах боломж бүрдэнэ. Нэмээд хэлэхэд, биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа, арилжааны горимыг блокчэйн технологид шилжүүлсэн. Ингэснээр 24/7 хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашид олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт манай хөрөнгийн зах зээлд маш чухал. Энэ хүрээнд давхар бүртгэлийн үйл ажиллагааг ойлгомжтойгоор гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан тусгасан. Ингэснээр тодорхой хэмжээний эх үүсвэр монголын хөрөнгийн зах зээлд орж ирнэ гэж төсөөлж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.174) 2024 оны 04 сарын 02

Энэ худ гар одоо болоодоо. 4 жилд хийсэн ажил алга.

0  |  1
нарангэрэл(66.181.160.47) 2024 оны 04 сарын 02

худлаа ярьсан төлөвлөсөн гаднаас мөнгө гуйсан гарууд үнэндээ дотоодын хулгайч луйварчдаас улсаас хулгайлсан мөнгө хөрөнгийг нь буцааж аваад төлүүлэл дээ новш гэж

0  |  1
нарангэрэл(66.181.160.47) 2024 оны 04 сарын 02

гарах гаргалгаан байгаа боловч нөгөө луйвар хулгай авилгал үнийн хөөргөлт чинь лай гай болж ард иргэд ядараад байна новшнууд аа

0  |  1
Top