Төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж буй барилгын компаниудын цалингийн жишгийг шинэчилнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 29

Улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөллүүдийг Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзжээ.

Компанийн төлөөллүүд "Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг" зах зээлийн тарифаас 2 дахин бага буюу 2009 оны тарифаар явж байгаагаас алдагдал хүлээж, цаашид ажлаа явуулах боломжгүйд хүрч байгаагаа мэдэгдэж, цалингийн жишгийг шинэчилж, 2019 оны тарифаар тооцохыг хүсчээ.

Энэ дагуу Сангийн сайд Б.Жавхлан Барилга хот байгуулалтын сайд Ц. Даваасүрэнтэй хамт барилагчдын төлөөлөлтэй дахин уулзаж, улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн ажилчид зах зээлийн жишиг үнэлгээнээс хэт доогуур цалинжиж, Улсын захиалгатай ажлууд удааширч, гацаж буй асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, хамтарсан тушаал гаргаж, цалингийн зөрүүг арилгах шийдвэрт хүрчээ.

Хоёр сайдын хамтарсан тушаал гарснаар барилгачид 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажлаа шинэчилсэн тарифаар тооцуулах боломж бүрдэнэ. Энэхүү шийдвэр зөвхөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй барилгын компаниудад хамаарна. Цалингийн зөрүүг олгох санхүүжилтийг 2025 оны Улсын төсөвт тусгуулж хэрэгжүүлэх юм байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жилд дунджаар 1100 гаруй төсөл хэрэгждэг, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх явцад барилгын материалын үнийн өсөлт, цалингийн өсөлтөөс хамаарч төслүүдийн төсөвт өртөг жилээс жилд нэмэгдэх эрсдэл бий болж байгаа.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд УИХ, Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргуулж, тэр хүрээнд үнийн өсөлт, нэмэлт санхүүжилтийг мэргэжлийн байгууллагууд болон аудитын байгууллагын дүгнэлтэд үндэслэн 2023-2024 оны төсөвт тусган, үүний дагуу 2023 онд барилгын материалын үнийн өсөлтөд 303.4 тэрбум төгрөг, энэ онд 660.0 тэрбум төгрөг олгохоор батлагдсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
10%(202.126.90.8) 2024 оны 03 сарын 29

Davaasuren methinks xumuus 10% avdaga boli

0  |  0
Top