Үүрэн телефоны компанийн ажилтан бүртгэлгүй дугаар үүсгэж, ХУДАЛДДАГ БАЙЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Дугаарын ченж хийдэг нэр бүхий иргэд дураараа бүртгэлгүй дугаар зарах нь багадаад, фейсбүүк орчинд залилан хийдэг болсон байна. Дээрх гэмт этгээдүүдэд байнга бүртгэлгүй, эзэмшигч нь тодорхойгүй дугаар өгч, ашиг авдаг хүмүүс байдаг юм байна" гэх мэдээлэл нийтлэгджээ.

Уг мэдээллийн дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааг явуулахад иргэн “А”,“М” нарын хоёр иргэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдааны төвийн гадаа бүртгэлгүй дугаар худалдан борлуулж байсныг илрүүлсэн байна. 

Тус иргэдийн тээврийн хэрэгсэл болон биед үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулахад эзэмшигчийн бүртгэл тодорхойгүй нийт 140 ширхэг үүрэн холбооны дугаар биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн эдгээр эзэмшигч нь тодорхойгүй дугааруудыг нэр бүхий үүрэн холбооны оператор компанийн ажилтан иргэн “Н” нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шинээр үүсгэж, тус хоёр этгээдэд худалдан борлуулдаг байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилан байдлаар тогтоогдоод байна.

Иймд иргэд та бүхэн аливаа үүрэн холбооны операторын дугаарыг авч хэрэглэхдээ тухайн байгууллагын албан ёсны баталгаат сувгуудаар худалдагдаж буй дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлэн худалдан авч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.94) 2024 оны 04 сарын 04

Za naad chin yahav ta nariin nuguu 13 nastai ohinii asuudal yu bolson be

0  |  0
Top