“Эрдэнэс Тавантолгой ХК” ногдол ашиг олгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29,3 сая тонн нүүрс борлуулж 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3,4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн. Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар хяналт хийж зөрчилгүй гэх дүгнэлт гарснаар 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг өнөөдрөөс /2023.04.04/ олгож эхэллээ.

Ингэснээр 1072ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256 мянга, 750ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 179 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх 2009 онд 1072ш хувьцаатай 2,5 сая иргэнд 87,000 төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2022 онд Онцгой дэглэм тогтоосноор санхүүгийн сахилга бат сайжирч, борлуулалтын орлого нэмэгдэж 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072ш хувьцаатай иргэнд 104,000 төгрөгийн ногдол ашиг олгосон. 2023 онд олон нийтэд мэдээллийг ил тод болгож, өр төлбөрийг бууруулж, нүүрсээ хил нөхцөлөөр биржээр арилжаалж эхэлснээр компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч 3,4 сая иргэнд 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top