НӨАТ-ыг аль шатанд ногдуулах нь зохистой байхыг судалж, шийдвэрлэхийг хүсчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 10

Манай улсад жижиг, дунд үйлдвэрлэлд нэмэгдсэн өртгийн албан татвар болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын үзүүлж буй ачаалал болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын судалгааг Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар “Хараат бус судалгааны арвис төв” ТББ-ын судалгааны баг хийж гүйцэтгэн дүгнэлт, зөвлөмжөө танилцуулж, хэлэлцүүлжээ. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хороо, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Парламентын сургалт, судалгааны хүрээлэн, Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим, МУИС-ийн Хууль зүйн сургууль болон иргэний нийгэм, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцжээ. 

Судалгааны дүнд үндэслэн судлаачдын зүгээс бодлого боловсруулагчдад хандан гаргасан санал, зөвлөмжөөс дурдвал, нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг өөрчлөх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, тайлагналыг хялбаршуулж, мөнгөн сууриар төлдөг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх, татварын нэгдсэн мэдээллийн сан болон гаалийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл харилцан солилцох нөхцөлийг бүрдүүлж, бараа, ажил, үйлчилгээг бүртгэх олон улсын стандартын шаардлага хангасан зураасан кодыг нэвтрүүлэх зэрэг болно.

Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид дараах асуудалд бодлого боловсруулагчдын зүгээс анхаарах хэрэгтэйг онцолжээ. Үүнд:

Импортын НӨАТ нь эцсийн хэрэглэгч болон бизнест ачаалал үүсгэж буй тул импортоор орж ирж буй бараанаас НӨАТ авахыг зогсоож, зөвхөн гаалийн албан татвар ногдуулах;

НӨАТ-ыг аль шатанд ногдуулах нь зохистой байхыг судалж, шийдвэрлэх;

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгож буй зээлийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдийн экспорт, импортын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах зохицуулалт бий болгох;

Үйлдвэрлэлийн салбарын экспортыг дэмжихэд чиглэсэн гадаад худалдааны бодлого хэрэгжүүлэх;

Жижиг, дунд үйлдвэрлэгчид гааль дээр төлсөн НӨАТ-ыг буцаан олгох зохицуулалт бий болгох зэрэг саналуудыг гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top