Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 12

Санхүүгийн зохицуулах хороо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. ТОП-100 компаниудыг хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам болон нээлттэй компани болсноор үүсэх давуу тал, ач холбогдол, IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл өгөх зорилготой хэлэлцүүлэгт 150 гаруй төлөөлөгч оролцсон юм. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ёслолын арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хороо МҮХАҮТ хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд компаниудыг IPO хийх, бонд гаргахад тавигдах нөхцөл шаардлагыг багасгаж, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулах замаар оролцоог нь өсгөж, холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулан бодлогын арга хэмжээ авах чиг үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд дотоодын долоон  компани IPO хийх замаар нийт 338.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлсэн бол зургаан компани 107.5 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргасан. Мөн биржийн бус зах зээл дээр 93 компани 151 компанийн бонд гаргаж, нийт 1.74 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байгааг онцлох нь зүйтэй. УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, Банкны салбарын реформ, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал зэрэг томоохон арга хэмжээний хүрээнд бид шаардлагатай бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 80 гаруй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээлийн үнэлгээ 11.65 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.69 дахин өссөн байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг өөрчлөлт гарч, зах зээл идэвхжин компаниуд үнэт цаас гаргах сонирхол өсөж буй энэ цаг үед Та бүхнийг IPO хийх замаар нээлттэй хувьцаат компани болох, компанийн бонд гаргаж хямд санхүүжилт татах замаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна" гэдгийг онцолсон юм. 

Энэ үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон компаниудыг хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого зохицуулалтын арга хэмжээ, бизнес дэх үе шилжилтийн асуудал, IPO хийсэн компаниудын төлөөллөөс IPO хийж нээлттэй компани болсноор гарах үр дүн, ач холбогдол, компанийн засаглалын кодекс, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top