Азийн хөгжиж буй ихэнх орнуудын эдийн засаг тогтвортой, хурдацтай өснө 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 12

Азийн хөгжлийн банк /АХБ/-наас танилцуулсан 2024 оны дөрөвдүгээр сарын Азийн хөгжлийн төлөв (АХТ) тайланд тус тив эдийн засгийн өсөлтөө ирэх онд хадгална хэмээн тооцоолжээ. Олон улс оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөс үүдэн инфляцын түвшин сүүлийн хоёр жилийн турш өндөр байсан бол 2024, 2025 онд саарах эерэг төлөвтэй байна.

Ази, Номхон далайн бүс нутагт дотоод эрэлт нэмэгдэх, хагас дамжуулагчийн экспорт сайжрах, аялал жуулчлал сэргэх нөлөөгөөр эдийн засгийн өсөлт эрсдэлд тэсвэртэй байх хүлээлттэй байгаагаас бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 4.9%-иар өсөх төлөвтэй байна.

Дотоод эрэлт болон экспорт нэмэгдсэнээр Өмнөд болон Зүүн өмнөд Азийн бүс нутгийн эдийн засаг эрчимтэй өсөж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл унаж, дотоодын хэрэглээ буурснаас үүдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын эдийн засгийн өсөлтийн удаашралыг нөхөж, бүс нутгийн эдийн засгийн өсөлт тогтвортой байхад эергээр нөлөөлж байна. Энэтхэг улс Ази, Номхон далайн бүсийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх бөгөөд энэ онд 7.0%, ирэх онд 7.2% өсөхөөр байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 5.2% байсан бол энэ онд 4.8%, ирэх онд 4.5% болж саарах төлөвтэй байна.

“Азийн хөгжиж буй ихэнх орнуудын эдийн засаг энэ онд болон ирэх онд тогтвортой, хурдацтай өснө гэж бид тооцоолж байна” хэмээн АХБ-ны Ерөнхий эдийн засагч Алберт Парк хэлээд "Хэрэглэгчийн итгэл сайжирч, хөрөнгө оруулалт ерөнхийдөө эрсдэл даах чадвартай, тогтвортой болж сэргэж байна. Гадаад эрэлт, ялангуяа хагас дамжуулагчийн экспортын тухайд ч мөн сэргэх мөчлөг эхлэхээр байна" хэмээн онцлов.

Гэвч эдийн засгийн төлөвт олон эрсдэл байгаа тул бодлого боловсруулагчид сонор сэрэмжтэй байх нь зүйтэй. Эдгээр эрсдэлд нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, АНУ-ын мөнгөний бодлогын тодорхойгүй байдал, цаг агаарын эрс тэс үзэгдэл, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн цаашдын уналт зэрэг багтаж байна.

Дэлхийн хэмжээнд үнийн өсөлтийн дарамт буурах ч, олон улс орнууд мөнгөний хатуу бодлого баримталсан хэвээр байгаа нь хөгжиж буй Ази, Номхон далайн инфляц энэ онд 3.2%, ирэх онд 3.0% болж буурахад нөлөөлнө. Гэсэн хэдий ч БНХАУ-ыг оруулахгүйгээр тооцвол, тус бүс нутгийн инфляц КОВИД-19 цар тахлын өмнөх үеийнхээс өндөр хэвээр байна.

Цагаан будааны үнээс үүдэн ялангуяа импортоос хамааралтай орнуудад хүнсний инфляц нэмэгдсэн байна. 2024 оны дөрөвдүгээр сарын АХТ тайланд цагаан будааны үнэ энэ жил өндөр хэвээр байна хэмээн таамаглажээ. Цаг агаар муу учир ургац алдсан, Энэтхэг улс будааны экспортдоо хязгаарлалт тавьсан зэрэг нь үүнд нөлөөлөх гол шалтгаан болж байна. Улаан тэнгист усан онгоцууд дайралтад өртөж, Панамын суваг орчимд ган гачиг нүүрлэсэн зэргээс шалтгаалж дэлхий нийтээр тээврийн зардал нэмэгдсэн нь Азийн инфляцыг өсгөж болзошгүй гэж тус тайланд дурджээ.

Цагаан будааны үнийг тогтворжуулж, хүнсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд засгийн газрууд эмзэг бүлгийн иргэдэд зорилтот хэлбэрээр татаас олгохын зэрэгцээ зах зээлийн ил тод байдал, хяналтыг сайжруулах замаар үнийн хөөрөгдөл, их хэмжээгээр худалдаж авч нөөцлөх явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой. Дунд болон урт хугацаандаа үнийг тогтворжуулахын тулд цагаан будааны стратегийн нөөц бий болгоход анхаарах, хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тогтвортой газар тариалан эрхлэлт, тариалангийн нэр төрлийг олшруулахыг дэмжиж, хөдөө аж ахуйн технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь оновчтой. Мөн бүс нутгийн хэмжээнд улс орнууд өөр хоорондоо хамтран ажиллах нь цагаан будааны үнийн огцом өсөлт болон түүний сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн тайланд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top