2023 онд нийт цахилгаан эрчим хүчний 8.8%-ийг хувийн хэвшлийн нар салхины эх үүсвэрүүд үйлдвэрлэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 15

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлого, хэтийн төлөвийн талаарх  мэдээллийг чуулганы хуралдаанд танилцуулсан юм.

Тэрбээр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонноор, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хувьд 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулах зорилтыг тавьсан.

Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг зохистой хэмжээнд дэмжин хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 90 МВт-ын “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлж байна.

Азийн хөгжлийн банктай хамтран 80 МВт-ын хүчин чадалтай 200 МВт.ц-ын багтаамжтай цэнэг хураагуурын системийг сүлжээнд залган 2023-2024 оны өвлийн оргил ачаалалд чухал хувь нэмэр оруулсан.

Дэлхийн банкны санхүүжилтээр Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын нарны цахилгаан станц болон 3.6 МВт-ын батарей хуримтлуурын системийг 2022 онд, Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг 2023 онд, Алтай суманд 300 кВт-ын нарны цахилгаан станц болон хуримтлуурын системийг 2022 онд тус тус ашиглалтад оруулсан. Хөвсгөл аймгийн Мөрөнд 10 МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2024 оны 5 сард багтаан ашиглалтад оруулна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Стратеги, уур амьсгалын сангийн 1.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймаг, Завхан аймаг, Баянхонгор аймаг, Увс аймаг, Говь-Алтай аймагт нийт 5 байршилд нийт 10,000 м2 талбайд 0.5 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий хөрсний дулааны насосын системийг суурилуулсан.   

Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд соёрхон баталсан. Тус хуулиар хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах зорилгоор нар, салхи, усны эх үүсвэрүүдийн тарифыг ам.доллароор тогтоон хуульчилсан. Мөн тухайн үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн өртөг өндөр байсан.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаар Эрчим хүчний зохицуулах хорооноос 2008-2018 онуудад 39 хуулийн этгээдэд нийт 1352.4 МВт чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгосон байна гэлээ.

Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд нийт 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станцууд ашиглалтад орсон. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 МВт-ын нийлбэр чадалтай 6 нарны цахилгаан станц, 155 МВт-ын нийлбэр чадалтай 3 салхины цахилгаан станц ашиглалтад орж, нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллаж байгаа аж.  

Монгол Улсын эрчим хүчний систем нь дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүйн улмаас ОХУ-тай холбогдсон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортоор авч, горимын тохируулга хийдэг байна.

Нарны цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний өвлийн их ачаалалд оролцдоггүй, салхин станцын хувьд 2013-2022 онуудад 0.2-10 хувиар системийн оргил ачаалалд оролцсон байна.

Хувийн хэвшлийн нар салхины эх үүсвэрүүд 2023 оны байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байгаа боловч 2023 оны тайлан тэнцлээр нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 8.8 хувийг үйлдвэрлэж, салбарын цахилгаан эрчим хүчний борлуулалтын орлогын 22.3 хувийг авсан байна.

Эдгээр нарны цахилгаан станцуудаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 500-600 төгрөгөөр, салхин станцуудаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 328-330 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцуудын цахилгаан үйлдвэрлэлийн дундаж тариф 113 төгрөгөөс 3-5 дахин өндөр байгаа аж.

Дэлхий нийтэд техник, технологи хөгжих хирээр нар, салхины эх үүсвэрийн үндсэн тоноглолуудын үнэ, өртөг буурч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж буй аж.

Тухайлбал Монгол орны байгаль цаг уур, газарзүйн байршлын хувьд ойролцоо Узбекистан Улсад 100 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг 2.67 цент болгосон. Мөн Камбож Улсад 100 МВт, Казакстан Улсад 20 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцуудын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг 3 цент болгосон туршлагууд байна гэлээ.

Мөн тэрбээр, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Хуульд нэмэлт, өөрчлөлт орохын өмнө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж шинээр барих тусгай зөвшөөрөл авсан, одоо хүчин төгөлдөр байгаа 202 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 2 салхин цахилгаан станц, 110 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 4 нарны цахилгаан станц, нийт 312 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих аж ахуйн нэгжүүд байна. Мөн тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр шүүхэд хандсан нийт 330 МВт-ын нийлбэр чадал бүхий 9-н аж ахуйн нэгж байна. Эдгээр эх үүсвэрүүд нь ашиглалтад орсноор өнөөгийн эрчим хүчний салбар дотоодын горим тохируулгын эх үүсвэрийн дутагдлаас шалтгаалж цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийг тохируулж чадахгүй. Эдгээр төслүүдийн батлагдсан тариф 8.5-16 цент байгаа нь салбарын хувьд санхүүгийн дарамт бий болгоно.

Эдгээр нар, салхины эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдын хувьд тарифыг нарны станцын хувьд 10 цент, салхин станцын хувьд 8.5 цент болгон бууруулж, энэ тарифт батарей хуримтлуурын системийг нарны станцын суурилагдсан чадлын 20 хувьтай тэнцэх, салхин станцын хувьд суурилагдсан чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний суурилагдсан хүчин чадлыг 4 цагаас багагүй хугацаанд гаргах боломжтой хуримтлуурыг нэмж суурилуулж станцын тогтвортой цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд дэмжих боломжтой.

Учир нь эдгээр төслүүд хэрэгжсэнээр дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу өрсөлдөөнт сонгон шалгаруулт зохион байгуулж бага үнээр хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн зах зээлийн болон техникийн орон зайг хааж байгаа тул ийм шаардлага тавьж байна.

Үүний зэрэгцээ Дэлхийн банк болон Олон Улсын санхүүгийн корпорацитай хамтран салхин станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн боломж бидэнд байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top