ХЗХ-дод шинэчлэн баталсан журмыг танилцуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

Санхүүгийн зохицуулах хороо Сангийн яамтай хамтран Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо болон нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг хадгаламж зээлийн хоршоодын холбогдох ажилтнуудад "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам”-ыг  танилцуулах сургалтыг зохион байгуулжээ.

Энэ үеэр журмын голлох өөрчлөлтүүд, е-баланс цахим системд санхүүгийн тайлан, тодруулгыг шивэх, илгээхэд анхаарах зүйлс мөн Хороонд ирүүлдэг санхүүгийн тайлангийн мастерфайлд оруулсан өөрчлөлт, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

Журмыг Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас хамтран байгуулагдсан ажлын хэсэг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж боловсруулжээ.

Мөн эрсдэлийн санг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу ангилах, бүртгэлийн арга хандлагыг нарийвчлан зохицуулж, санхүүгийн тайлангийн маягт, тодруулга бэлтгэх заавар, дансны жагсаалтыг шинэчлэн боловсруулсан байна. Улмаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу олон нийтээс санал авахаар холбогдох цахим хуудсанд байршуулсны зэрэгцээ хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодогч, аудиторуудад сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсны дараа Сангийн сайдын тушаалаар дээрх журмыг шинэчлэн баталсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top