Статистикийн системд тулгарч буй асуудлуудыг танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 19

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаанаар Үндэсний Статистикийн Хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

Энэ үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Бид 2023 онд албан ёсны статистикийг хөгжүүлэх дэлхий нийтийн чиг хандлага, дотоодын хэрэгцээнд нийцүүлэн статистикийн салбарыг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллалаа. Энэхүү стратеги, төлөвлөгөөнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, статистикийн мэдээлэл эрхлэн гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлсэн” гэв.

Өнгөрсөн онд Статистикийн тухай хуульд заасны дагуу тогтмол зохион байгуулдаг тооллого, түүвэр судалгаануудаас гадна УИХ-ын тогтоолоор баталсан “Зөвлөлдөж шийдье” хоёр шатны зөвлөлдөх санал асуулга, 3-5 жил тутамд зохион байгуулдаг “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”, “Цаг ашиглалтын судалгаа”, “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” зэрэг улсын хэмжээний томоохон түүвэр судалгааг зохион байгуулсан. Энэ хүрээнд сард дунджаар давхардсан тоогоор 29.1 мянган аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг нэгтгэн, нягталж 3.2 мянган өрхөөс мэдээлэл цуглуулж, статистик мэдээллийг боловсруулсан. 

Түүнчлэн хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарын албан ёсны статистикийн мэдээг өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас 7 хоног, 14 хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтайгаар нэгтгэн боловсруулж байгаагаас гадна захиргааны мэдээллийг нийт 44 байгууллагаас цуглуулан боловсруулж хэрэглэгчдийн хүртээл болгож байна. 

Хэрэглэгчдийн статистик, өгөгдлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг чанартай эх үүсвэрээр хангах нь Үндэсний Статистикийн Хороо төдийгүй дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагуудын өмнө тулгарч буй сорилт хэвээр байгаа билээ. Энэ хүрээнд Азийн Хөгжлийн Банкны техник туслалцаа болон БНСУ-ын Статистикийн газрын дэмжлэгтэйгээр “Төрийн Нэгдсэн Мэдээллийн Сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Мөн үндэсний статистикийн системийг орчин үеийн өгөгдлийн шинжлэх ухааны чиг баримжаатай хөгжүүлэх зорилгоор НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч үндэсний статистикийн системийн цогц үнэлгээг хийж буй. 

Статистикийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн онд НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн комиссын үндэсний статистикийн товчоог Үндэсний Статистикийн Хорооны дарга даргалж, НҮБ-ын Статистикийн Комисс, бүсийн уулзалтад Монгол Улсын статистикийн систем болон бүсийг төлөөлөн оролцсон. Бидний гадаад хамтын ажиллагааны үр дүнд Үндэсний Статистикийн Хороонд 2023 онд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт бүхий техник туслалцааны төсөл хэрэгжиж эхэлсний зэрэгцээ БНСУ-ын Статистикийн газраас 2024-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх статистикийн системийг бэхжүүлэх хөгжлийн албан ёсны тусламж батлагдсан. Мөн хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд БНСУ, Гүрж Улс, БНПУ-ын статистикийн байгууллагуудтай санамж бичиг байгуулж, БНХАУ болон Австралийн Холбооны Улсын статистикийн байгууллагуудтай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. 

Ирэх онд Монгол Улсад орчин цагийн статитистикийн алба байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд хоёр талт болон олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүдийг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн статистикийн системд тулгарч буй хүний нөөцийн дутагдал, мэдээллийн чанарыг сайжруулах, шинэ эх үүсвэр бий болгох, улсын хэмжээнд өгөгдлийн засаглал, шинжлэх ухааныг бэхжүүлэх ажлуудыг голлон анхаарч ажиллах талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаанд танилцууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(66.181.168.82) 2024 оны 04 сарын 19

Хүн амаа зөв тоолж, наад захын сагсны бүтээгдэхүүний статистикаа зөв гаргаж чадахгүй байж хөгжил яриад яахав дээ

0  |  0
Top