Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” Дулааны станцыг 116 МВт-аар өргөтгөж, өнөөдөр ашиглалтад орууллаа.
Тус станц нь 348 МВт хүчин чадалтайгаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол өргөтгөл хийснээр 464 МВт болон өргөжиж, эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох 12 000 өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Станцын өргөтгөлтэй танилцах үеэрээ эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих реформыг эрчимжүүлэхээ мэдэгдээд, “Улаанбаатар хотын түгжрэл, утаа, замбараагүй төлөвлөлтийн асуудал бол шөрмөс нь татаж агшсан мэт дэд бүтэцтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн үнээсээ хэд дахин хямд эрчим хүчний бодит өртгөө нууж, өнөөдрийн асуудлыг аргацааж хойш тавьсаар эрчим хүчний салбар эрчээ алдаж, хөгжлийн боломжийг гажуудуулсан гашуун үнэнийг бид одоо ил тод ярих цаг болсон. Манай улсын дулааны станцуудын насжилт 36-61 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 33-63 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссаныг одоо хэнээс ч нуух хэрэггүй. Тэгэхээр боомтыг сэргээсэн шиг, аялал жуулчлал шийдлээ олсон шиг, “E-Mongolia”-г энгийн хэрэглээ болгосон шиг бид одоо эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон. Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Богд уулыг тойрсон шинэ төлөвлөлтийн шийдэл гаргаж байгаа учраас эрчим хүчний салбарт онцгой анхаарна” гэлээ.
Станцын өргөтгөлийн хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух шинээр суурилуулж, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 м3-ийн багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
Халаалтын зуух барьж ашиглалтанд оруулахаар коммунист болдог юмуу. Энэ нөхөр эх орны төлөө бүтээн байгуулж буй бүхэнд хорсож хордож явдаггүй баймаар
Улс ын хөгжил, хүн ардын амьдралд хэрэгтэй ажлыг үгүйсгэж үзэн яддаг хүн байдаг юм байна. Хулгайгаа нуух гэж улс төржүүлж, сонгуулийн шоу хийх далдын хорон санааг мэдэхгүй хүн одоо байхгүй.
Улс ын хөгжил, хүн ардын амьдралд хэрэгтэй ажлыг үгүйсгэж үзэн яддаг хүн байдаг юм байна. Хулгайгаа нуух гэж улс төржүүлж, сонгуулийн шоу хийх далдын хорон санааг мэдэхгүй хүн одоо байхгүй.
Үнэн үү? Одоо ч коммунист засаглалын аливаа юм хоосон худлаа байх болж, харин нэг л үнэн байгаа нь тэдний олон арван их наядын хулгай.
хөгжлийн эх үүсвэр яах аргагүй эрчим хүч шүү