"Монголын банкны форум” Нью-Йорк хотноо боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 25

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Монголын банкны форум” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яамны удирдлагууд, банк, санхүүгийн салбарын төлөөллүүд болон гадаадын хөрөнгө оруулагчид, шинжээчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан форумыг нээж хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд Улсын их хурал, Засгийн газар болон зохицуулагч байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд, ялангуяа банкны салбарын реформын үр дүн буюу системд нөлөө бүхий банкнууд дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон нь хөрөнгийн зах зээлийн өсөлт хөгжилд томоохон нөлөө үзүүлж байгаа талаар онцлон дурдсаны зэрэгцээ цаашид энэ салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд үйл ажиллагаа, өсөлтийн боломжоо таниулах нь чухал болохыг өгүүлсэн юм.   

Форумд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч тэр дундаа BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй томоохон банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангууд оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбох гүүр болох, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top