Хятадын Ардын банктай байгуулсан свопийн төлбөрт 2.5 тэрбум юань төлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

Энэ оны гуравдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 52.68%-иар өссөн дүнтэй байна. Валютын нөөц ийн өсөлттэй байгаа нь гадаад өр төлбөр өндөртэй манай тухайд сайн мэдээ юм. 

Гадаад өрийн эргэн төлөлт, дефолтын эрсдэлийн талаар Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байр суурийг илэрхийлж байна. 

"Өнгөрсөн хоёр жилд гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд давхцаж, яахын аргагүй томоохон сорилттой тулсан байсан. Гэсэн ч Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанкны зүгээс харилцан уялдаатай сайн ажилласны үр дүнд амжилттай давж гарсан. Тухайлбал, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, бодлогын шийдвэр, үйл ажиллагаагаа нээлттэй тайлбарлах, дотоод нөөц бололцоогоороо өрөө төлөх зэргээр ажилласан. Үүний үр дүнд зарим гадаад өрийн нөхцөлийг муутгахгүйгээр амжилттай дахин санхүүжүүлж, зарим хэсгийг валютын нөөцөөс төлж барагдууллаа. Тухайлбал, Монголбанк нь Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг өнгөрсөн 12 дугаар сард, 1 тэрбум юанийн төлбөрийг дөрөвдүгээр сарын эхээр хийсэн.

Монгол Улсын гадаад өрийн эргэн төлөлтийн хуваариас харахад 2026 он хүртэл том дүнтэй гадаад эргэн төлөлт байхгүй. Засгийн газраас гадаад өрийн стратегийн хүрээнд эргэн төлөлтийн ачаалал цаг хугацааны хувьд давхцахгүй байх, дахин санхүүжилтийн нөхцөл нэмж муудахгүй байхад ихээхэн анхаарсан. Ийнхүү гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт богино хугацаандаа байхгүй гэдэг нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамт бага гэсэн үг. Энэ нь, валютын нөөцийн хүрэлцээ өндөр түвшиндээ хадгалагдах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлнэ" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(176.189.88.83) 2024 оны 04 сарын 30

Oilgoj unshaach,tulj baragduulsan gd bga yum bishuu. Yu ch hamaagui bichmeer sanagddag yumuu?????

0  |  0
зочин(66.181.186.138) 2024 оны 04 сарын 30

хятадын өрийг түргэн төлөөч дээ ямар удаан юм вэ

0  |  1
Top