"Эрдэнэс Монгол" нэгдлийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал /2024.04.30/ боллоо.
Хурлыг төрийн эзэмшлийн энгийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгчийг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар даргалж, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, ТУЗ-ийн гишүүд, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт удирдах баг бүрэлдэхүүний хамт оролцож, 2023 оны үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайланг хэлэлцүүллээ.
"Эрдэнэс Монгол" нэгдэл нь санхүүгийн нэгдсэн удирдлагыг оновчтой зохион байгуулж, төсвийн сахилга батыг сайжруулснаар 2023 онд борлуулалтын орлого 14.9 их наяд төгрөг буюу өмнөх оноос 3.6 дахин, цэвэр ашиг 4.5 их наяд буюу өмнөх оноос 3.7 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 4,4 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь 1.8 дахин өссөн үзүүлэлт болж, санхүүгийн үзүүлэлтээр түүхэн амжилт тогтоосон юм.
Өнгөрсөн онд экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж гадаад валютын албан нөөцийн 70 хувийг буюу 3.4 тэрбум ам.долларыг бүрдүүлж, улсын эдийн засгийн хөгжилд үнэ цэн, үр өгөөжийг бий болгож ажилласны сацуу өрийн удирдлагыг хэрэгжүүлснээр нэгдлийн хэмжээнд 394 тэрбум төгрөг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд 200 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулсан байна.
Засаглалын шинэчлэлийн хувьд 11 компанийн ТУЗ-ийг татан буулгаж 269 ТУЗ-ийн гишүүнийг 66 болгон цөөрүүлж, хараат бус гишүүдийн тоо 30% байсныг 49% болгож нэмэгдүүлсэн.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2022 оны 12-р сарын 13-нд батлагдаж, Засгийн газрын 362-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2023 оны 2-р сард нүүрс, 9-р сард төмрийн хүдрийн баяжмалыг биржийн арилжаагаар худалдаалж эхэлсэн бол өчигдөр буюу 4-р сарын 29-ний байдлаар зэсийн баяжмалыг биржээр арилжаалж эхэллээ. Ийнхүү уул уурхайн дээрх бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж, дуудлага худалдааны үнийн өсөлтөөс нэгдлийн хэмжээнд 208.9 сая ам.долларын нэмэлт орлогыг бүрдүүлээд байна.
"Эрдэнэс Монгол" нэгдэл 2024-2028 онд баримтлах дунд хугацааны стратегийг боловсруулж ТУЗ-өөр батлуулан, үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах 6 байршлыг тодрхойлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь өнгөрсөн оны хамгийн онцлох ажил байлаа.
Мөн энэ сарын 19-ний өдөр УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд эрдэс баялгийн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, үр өгөөжийг нь одоо ба ирээдүйн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн орчинг бүрдүүлсэн зэрэг олон үр дүнтэй ажил хэрэгжүүлснээр Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Сайн” гэсэн үнэлгээ авлаа гэж тус компанийн зүгээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )