“Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт Завхан аймагт болж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

 

Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг, өдөрлөгийг орон нутгуудад уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү удаагийн ээлжит арга хэмжээ Завхан аймгийн Улиастай хотод өнөөдөр болж, иргэд, олон нийт, зохицуулалттай этгээдүүд зэрэг 240 гаруй оролцогчдыг хамрууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хүрэлцэн ирсэн төр, хувийн хэвшлийн төлөөлөлд талархал илэрхийлээд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын татварын таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр цогц арга хэмжээг авч ажилласан талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн бодлого зохицуулалт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр санхүүгийн зах зээлд банкны салбар 5 хувийг, банкнаас бусад санхүүгийн салбар 95 хувийг эзэлдэг байсныг зохистой харьцаанд оруулж, одоогийн байдлаар санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгө, зах зээлийн үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 24.9 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрснийг цохон тэмдэглэв. Сургалт, хэлэлцүүлгийн үеэр хөрөнгийн зах зээлийн бодлого зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдал, зохицуулалтад шинээр ороод буй уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал, даатгалын салбарын зохицуулалтын орчны шинэчлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, иргэд, олон нийтэд тулгардаг нийтлэг асуудал, санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэлээ. Түүнчлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, үнэт цаас болон даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хэрхэн хувьцаа эзэмшигч болох талаар зөвлөгөө мэдээлэллийг өгч ажиллалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top