Авлигачид үржиж ардууд ядарсан 30 жил ба найдвар дагуулсан 5ш ажиллагаа

2024 оны 05 сарын 01

 

Монгол төрийн эд эс бүхэнд нэвчсэн авлигатай жинхэнэ утгаар нь тэмцэнэ гэдэг үнэндээ саяхныг хүртэл зүүд мэт хол ойлголт байлаа. Гучин жилийн туршид байж болох бүхий л боломжуудаа эрх мэдэл, давуу байдалд ойр этгээдүүдэд булаалгасаар, сонгуулиас сонгуулийн хооронд аргацаасан амлалтуудад нь сатаарсаар, чухам яг ямар нийгэмд амьдраад буйгаа ойлгохоо байсан, төөрөлдсөн ард иргэд сүүлдээ төрд үүрлэсэн, бугласан авлигажсан бүлэглэлүүдийн хаяж өгсөн хусам дээр тэдний дүрмээр авлигадаж тоглодог байр байдал нутагших янзтай болсон гэдгийг хэнбугай ч үгүйсгэж чадахгүй болов уу. Төрд үүрлэсэн авлигачдын тухай өнгөрсөн олон жилүүдэд ярихгүй биш ярьж, бичихгүй биш бичсээр байсан ч бодит байдал дээр авлигачид хүрээгээ улам бүр тэлсээр, зөвхөн өөрсдийн дүрмээр тоглодог улс доторх улсыг бий болгож, далд эдийн засгийн хана хэрмийг зузаатгасаар байв.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн удирдаж байгаа энэ Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны өрнөлтэй зэрэгцэн төрийн авлигажсан тогтолцоо нуран унах боломж байхгүй бус байгаа юм байна гэсэн нэг тийм итгэл найдварын оч нийгмийн сэтгэл зүйгээс анзаарагдаж эхэллээ. Өмнөх Засгийн газрууд авлигатай тэмцэх талаар ярьдаг байсан ч цогц бодлогын хүрээнд асуудлуудаа оновчилж, нарийн төлөвлөж, цэгцтэй алхмууд хийж байсангүй. Тиймээс ч авлигатай тэмцэх шаардлага энэ улс оронд ус агаар шиг хэрэгтэй төдийгүй төрөөс гаргасан бодлогын баримт бичгүүд ч бодит үйл хэргийг нэхсээр өдийг хүрсэн билээ. Тодотгоход, 1996 онд УИХ-аас Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байв. 2006 онд Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2007 онд түүхэндээ анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага болох Авлигатай тэмцэх газрыг байгуулсан юм. Авлигатай тэмцэх газрын замналыг харахад, авах зүйл ч бий, анхаарах ч асуудлууд бий. Ерөнхийдөө төрийн түвшний авлига Монгол Улсад өнгөрсөн жилүүдэд улам бүр өссөн нь бодитой юм.

Тиймээс энэ Засгийн газрын мөрдлөг болгож буй “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан авлигын эсрэг бодлогын цөм нь төрийн түвшний том авлигуудыг илүүтэй онилсон гэхэд болох байх.

 

АВЛИГА НЭВЧСЭН ТОГТОЛЦООГ ХАЛАХ АЛСЫН ХАРАА & ШИНЭ СЭРГЭЛТ

 

“Алсын хараа 2050”-д хэрэгжүүлэхээр тусгасан зорилгуудын нэг бол Засаглал сайжруулах тухай юм. Энэ хүрээнд Ухаалаг засаглал, Ухаалаг бүтэц, Цахим Монгол, Чадварлаг ёс зүйтэй төрийн алба, Хүний эрхийг дээдэлсэн нийгэм, Авлигагүй засаглал зэрэг таван зорилт дэвшүүлсэн бөгөөд Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн авлигагүй улс болно гэж тодорхойлсон байдаг.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын эхний арван жилийн зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж буй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх цар хүрээгээ Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан бүлэгт хувааж тодорхойлсон.

Засгийн газраас Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авлига, хээл хахуультай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоход анхаарч, төрийн мэдээллийг шилэн, үйлчилгээг цахим болгох зэрэг шинэчлэл хийснээр эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувийн өсөлттэй гараад байна. Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол анх удаа төсвийн орлого давж биелснээр тодотгол хийх нөхцөл бүрдсэнийг Ерөнхий сайд хэлсэн.

Ер нь бол эдийн засагт реформ хийх боломж, гарц бүхий олон олон бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар өнгөрсөн жилүүдэд ярьсаар л байсан. Ярьсны зоргоор цаасан дээрээс буучихаагүйн учиг шалтгаан нь шат шатанд нэвчсэн авлигын тогтолцоотой холбоотойг хаа хаанаа мэдсээр байсан ч засаг төрийн түвшинд энэ удаа үүнийг хүлээн зөвшөөрч, сэхээрч, өөрчлөхийн төлөөх алхмуудыг хийж эхэлсэн нь, хийж байгаа нь гол онцлох ёстой өнцөг мөн л дөө.

Тодотгоход, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлнэ гэдгээ 2021 оны есдүгээр сард “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын индэр дээрээс мэдэгдэж байсан юм. Улмаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зургаан багц асуудлаа дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дугаар Их хурлын индэр дээрээс мөн оны арванхоёрдугаар сард албан ёсоор танилцуулсан билээ.

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдын хувиар хэлэхдээ “Эдгээр хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн цаасан дээр царцаж үлдэх эрсдэлтэй юм. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх, шинэ зуунаа эхлүүлэх зорилго ч, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого ч энэхүү зургаан асуудалтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай... Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-д эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна. Монгол Ардын Нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын гишүүн нэг бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай... Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ ҮЙЛЧЛЭГЧ байх ёстой” гэсэн юм. Мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалан Их Хурлын индэр дээрээс авлигын асуудлыг онцлохдоо, “МАН цаашид авлига, хүнд сурталтай тэмцэх болно. Тухайлбал, авлигын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдэгдсэн болон ёс зүйн зөрчил гаргасан хүнд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусгаж хэрэгжүүлнэ. Авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөрөө боловсруулна" гэж байв. Тэгвэл өнөөдөр өрнөж буй үйл явцуудаас үзэхэд МАН-ын удирдлагууд үйл хэргээ үгтэйгээ нийцүүлэх алхмуудыг хийж буйн тод илэрхийлэл нь авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа болоод байна.

 

ЛУЙВАРЧИД ӨСӨЖ ӨНДИЙСӨН ЗАМНАЛ

 

Монголын нийгмийн салбар бүрд гурван арваны туршид буглаж, лугшиж өдийг хүрсэн авлигатай тэмцэнэ гэдэг нь хэдхэн хүн хоорондын асуудал биш, бүхэл бүтэн системийн эсрэг сөрж буй үйл явц юм. Үүний тулд бидний өнөөдрийн алдаа хаанаас эш үндэстэй вэ гэдгээ эргэн харах нь зайлшгүй чухал. Өнгөрсөн хоёр жилийн сүүлээр нүүрсний хулгайн тухай асуудал нийгмийн анхаарлын төвд орж, органик болон органик бус жагсагчид холилдсон жагсаал олон өдөр үргэлжилсэн билээ. Уг жагсаалын цаана ашиг хонжоо хөөсөн хэсэг бүлэг байсан байж болох ч эгэл жирийн ард иргэд хэдэн арваны туршид боломжуудаа хэсэг бүлэг этгээдүүдэд хулгайлуулсаар ирсэндээ бачимдаад гарч ирснийг үгүйсгэж болохгүй. Уг углуургаар нь харвал баялаг болон баялгийг бий болгох боломжийн хуваарилалт шударга бус байж, авлигачдыг зоолуулсаар ирснээ иргэд мэддэг болжээ. Өнөөдөр Монгол Улсад амьдарч буй гурван хүн тутмын нэг нь албан ёсоор ядуу ангилалд, эдийн засаг хүндэрч, цалин орлого тасалдахад нийт хүн амын гуравны хоёр нь ядуурлын хүрээг тэлж, нэгдэх хэмжээнд байгаагийн учиг шалтгааныг авч үзвэл авлига жин дарна. Хүн амын чинээлэг хэсэг гэгдэх цөөнхийн хувьд хөдөлмөр зүтгэлээрээ амжилтад хүрсэн нь бий ч давуу байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлсан нь олонх байж болзошгүйг өнгөрсөн жилүүдэд олон үйл явдал ойлгуулж ирсэн.

Эрх мэдэлд, мэдээлэлд ойр этгээдүүд өөр хоорондоо наймаалцан, эгэл жирийн иргэдээс боломжийг нь хулгайлж эхэлсний хамгийн тод жишээ бол 1992-1995 оны хувьчлал юм. Улсын үйлдвэрийн 475 газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсэн байдаг. Ингэснээр нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон ч хувьчлалын үр дүнд өрөм битгий хэл хусам олж хүртсэн иргэд цөөн. Тухайн үед хувьцааны талаарх мэдлэг хангалтгүйгээс ихэнх иргэд хувьцаагаа баталгаажуулж данс нээлгээгүй эсвэл бусдад шилжүүлсэн байдаг. Зарим иргэд хувьцаа эзэмшдэг эсэхээ ч мэддэггүй тул цэнхэр, ягаан тасалбараар олгогдсон хувьцаа эзэмшдэг эсэхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандан шалгуулах боломжтойг тус компанийн зүгээс мэдэгдэж байсан билээ. Тэр үед хувьчлагдсан 475 гаруй улсын үйлдвэрээс үүдээ барьсан нь байгаа ч хувьчлал нэрээр хувьцааны дийлэнхийг авч, үйлдвэрийн газар болоод барилгаар нь суурь хийгээд хөлжсөн хүмүүс ч цөөнгүй. Товчхондоо бол ерээд оны тэрхүү үйл явц нь хувьчлал гэдэг гоё нэрээр халхавчилсан баялгийн тэгш бус хуваарилалт буюу шинэ үеийн авлигачид өсөж үржих суурь болсон юм. Улмаар ард иргэдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлдаг тэрхүү арга барил өнгөрсөн 30 жилд улам нарийсан, төр засгийн гол байгууллагууд хүч хавсардаг, аалзны тор нэхчихснийг 2018 онд ЖДҮ-ийн сангийн хэрэг явдал харуулсан бол дөрвөн жилийн дараа нүүрсний хулгайн асуудал бататгасан гэхэд болно.

 

НИЙГМИЙН ШААРДЛАГЫГ МЭДЭРСЭН ТҮҮХЭН АЛХАМ

 

Үүнийг бичигч би вээр 2018 онд ЖДҮ-ийн сангийн үйл явдал дуулиан дагуулах үед “ЖДҮ бол мөсөн уулын орой” хэмээн тодотгон бичиж байлаа. Уулын орой руу өгсөх, буухын аль аль нь амар биш. Олон жил бугшсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн луйврын хэрэг илэрч, задартлаа, улс төр хийгээд эдийн засгийн амаргүй олон үйл явцыг тойроогүй дайрсан нь маргаангүй. ЖДҮ-ийн хэрэг явдлыг хөвөрдөн бусад тусгай сангууд болоод Хөгжлийн банкны, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гэхчлэн олон том идээ бээрийг уудлах хүлээлт нийгэмд зүй ёсоор эхэлчихээд байгаа талаар тухайн үед сануулж байв.

Гол нь Мөсөн уулын орой урсаж хайлах тусам хэдэн их наядаар хэмжигдэх төрийн луйврууд тодорно гэдгийг нийгэм даяар нэгэнт ойлгож эхэлсэн нь тэр үе мөн л дөө. Хэдий бүгдээрээ ойлгож, мэдлээ гээд өөрчлөлт дагуулсан шийдэлгүйгээр үр дүн наашлахгүй. Төрд гарсан хүмүүс идэж л байдаг, завшиж л байдаг гэсэн хүлцэнгүй хандлагадаа хувьсгал хийж, нийгмээрээ эрүүл хийгээд шинэ зохицуулалтыг ШААРДАХ ёстойг ч тухайн үед сануулж байлаа. Одоо эргээд харахад, хэдийгээр нийгэм эрүүл саруул тогтолцоог хүссээр өдийг хүрсэн ч төрийн нэрээр халхавчилсан бүлэглэлүүдтэй хариуцлага ярих, тооцох алхмууд засаглалын түвшинд хийгдэх шаардлагатай байсан нь өнөөдөр илүү ойлгомжтой харагдаж байна.

Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг хэрэгжүүлж буй нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн, үүрэг хариуцлагаа ухамсарласан түүхэн алхам болж үлдэх биз ээ. Манай танай нам, бүлэглэл гэж ялгалгүй, зааглалгүйгээр өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засаж, ирэх 30 жилийн хөгжлийн замаа зураглахаар урагшилж буй нь олзуурхууштай.

Үргэлжлэл бий

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 05 сарын 01

Naad alilgaagaa deregdeesee ehluuleej.syg.Batboldoos ehlyyleej .Hudalaa shaasan lalariin ,AMiin Tur bulaasam ,APuud tsail.Tonil.Somguul duhuhuiuir hoshgoruuldagaa bolio.Kazinoochin turiin tergyyyd Mongold ogt heregyi.

0  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 05 сарын 01

эрлэгдорж хутгаа ХУРЦална. ГОМОдиан амараа гомдолтой явна. ККК

0  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 05 сарын 01

эрлэгдорж хутгаа ХУРЦална. ГОМОдиан амараа гомдолтой явна. ККК

0  |  0
Top