Орос, Хятадын эрчим хүчний салбарын харилцаа ӨНӨӨДӨР, МАРГААШ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 02

ОХУ, БНХАУ-ын  эрчим хүчний салбарын харилцааг судлаачид янз бүрээр дүгнэж буй бөгөөд харилцааны “нялх” үедээ хөгжиж байгаа, геополитик байгалийн баялгийн ялгаатай байдлаас шалтгаалан “хоёр иртэй хутга”, Зүүн хойд Азийн тогтвортой байдалд нөлөөлөх “зэвсэг”, сөргөлдөөн үүсгэх “тэсрэх бөмбөг” гэх мэтчилэн авч үзэж байгааг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн тоймд тодотгожээ. Крымийн хямрал, Украины дайн эхэлснээс хойш Бээжин, Москвагийн эрчим хүчний салбарын харилцаа улам нягтрах нь тодорхой байгааг мөн дурджээ. 

Орос, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааны үүх түүхээс дурдахад, 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас инженер технологийн зөвлөхүүд Хятадын аж үйлдвэржилтийн төслүүдэд ажиллаж байсан бөгөөд хоёр орны харилцаа 1960-аад оноос хүйтэрч дайсагнах үед олон төсөл зогсож 20 орчим мянган орос инженер техникийн ажилчид Хятадыг орхин гарч байжээ. Улмаар ЗХУ задарсны дараа буюу 1990-ээд оноос хоёр улсын хамтын ажиллагаа дахин сэргэж эхэлсэн байдаг.

Тэгвэл  эрчим хүчний салбарын одоогийн  хамтын ажиллагааны төслүүдээс нь дурдвал: 

Хятад улс газрын тос, байгалийн хийн импортоо нийт таван чиглэлээр хүлээн авч буй. Баруун хойд талд Төв Азийн таван орноос, зүүн хойд талд ОХУ-аас, баруун өмнөд талд Пакистан ба Мьянмараас, зүүн өмнөд талд Африк, Австрали, Өмнөд Америк, булангийн гэх мэт орнуудаас Маллакийн хоолойгоор дамжуулан эрчим хүчний бүтээгдэхүүн Хятадын эрчим хүчний зах зээлд нийлүүлэгдэж байна. 2015 оноос Хятад, Пакистаны эдийн засгийн коридор төсөл хэрэгжиж эхэлснээр уг стратегийн суваг нийт тав болсон ажээ.

Орос, Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буй бүс нутаг нь зүүн хойд Хятад болж байна. ОХУ-ын тухайд Дорно Эрчим хүчний Вектор гэх ойлголт байгаа бөгөөд Москва дорно зүгт эрчим хүчний бараа бүтээгдэхүүнээ борлуулах, өөрийн системээ хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг 2035, 2050 оны түвшинд авч үзэж байна. Хятадын стратегийн эрчим хүчний таван сувгийн нэг болох зүүн хойд чиглэлд ОХУ-тай 1990-ээд оноос хойш ямар төрлийн төслүүд дээр хамтран ажиллаж байгааг дурдвал, Газрын тос дамжуулах хоолойн төсөл, Зүүн чиглэлийн байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, Ямал шингэрүүлсэн байгалийн хийн төсөл, Атомын цахилгаан станцын төсөл, Цахилгаан эрчим хүчний төсөл зэрэг юм.

Хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслүүдээс ажиглан дүгнэвэл технологи шилжүүлэх (атомын цахилгаан станц), анхдагч эх үүсвэрийн (нүүрс, газрын тос, байгалийн хий), хувирган хөрвүүлсэн эрчим хүч (цахилгаан) гэсэн чиглэлээр ангилан авч үзэж болохоор байна.  Цаашид хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаа одоо байгаа төслүүдээс гадна тоон технологи, усан цахилгаан станц, Арктикийн бүсэд хайгуул хийх зэрэг шинэ агуулгаар өргөжин, энэ чиглэлээр төлөвлөж буй олон төслүүд байгаа нь харагдаж буйг тоймд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top