"Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг нутагшуулах тал дээр дэмжлэг үзүүлж байна"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 08

Эдийн засгийн тогтвортой байдлыг илүү удаан хугацаанд хадгалж бэхжүүлэхэд тулд банкны салбарын үүрэг оролцоо ямар байх вэ гэдэгт Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байр суурийг илэрхийллээ. 

-Манай улсын эдийн засгийн сэргэлт, уналт нь эрдэс бүтээгдэхүүний экспортоос ихээхэн хамааралтай явж ирлээ. Нийт экспортын орлогын 91 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос олж байна. Иймд эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал юм. Одоогийн нөхцөлд төрөлжилтийг уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд хийх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн болгох боломж нь илүү өндөр юм. Үйлчилгээ талдаа аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх асуудал яригдана.

Санхүүгийн талаас эдийн засгийн төрөлжилтийг дэмжих нэг арга хэрэгсэл нь нийлүүлэлтийн  сүлжээний санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, ашиглахад Монголбанкны зүгээс дэмжин ажиллаж байна. Энэ санхүүжилтийн онцлог нь худалдан авагч компанитай байгуулсан гэрээ, баримт бичиг нь барьцаа, баталгааны үүрэг гүйцэтгэх боломжийг олгодог.

Нийлүүлэлтийн сүлжээний шат бүр дээр ийм хэлцэл хийгдэх боломжтой бөгөөд нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч нь нэмэлт барьцааны хязгаарлалтад орохгүйгээр шаардлагатай санхүүжилтээ авч бизнесээ хэвийн үргэлжлүүлэх, өргөжүүлэх боломжтой юм. Банк санхүүгийн байгууллага талдаа гэрээний дагуу төлбөр орж ирэх үед зээлийн хүү, үндсэн төлбөрөө суутган авах тул эрсдэл ч буурна.

Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг жишиг байдлаар ноолуурын салбар дээр туршиж байна. Цаашид бусад салбаруудад нутагшуулах боломжтой. Ийм санхүүгийн схем нь аж ахуйн нэгжүүдэд тулгардаг барьцааны асуудлыг шийдвэрлэхээс гадна санхүүжилтийн хугацаа уртсах, хүү буурах зэрэгт эергээр нөлөөлнө.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн байгууллагууд, дотоодын банкууд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг илүү боловсронгуй болгон нутагшуулах тал дээр  дэмжлэг үзүүлэн идэвхтэй ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top