Тендерийг богино хугацаатай зарладаг нь хүндрэл учруулж байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 08

Улсын төсвийн санхүүжилттэй төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтэд иргэний нийгмийн зүгээс хяналт тавихад төрийн худалдан авах ажиллагааны мэдээллийн нээлттэй байдал чухал.

Тиймээс Нээлттэй нийгэм форумаас “Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн танилцуулга” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгуулжээ.

Уулзалтад Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн С.Халиун оролцож, төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системийн талаар танилцуулжээ.

Тэрбээр уг системийн өгөгдлийн санг танилцуулахын зэрэгцээ системд хийгдэж байгаа хөгжүүлэлтийн талаар мэдээлэл өгчээ.

Уулзалтад иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд худалдан авах ажиллагаа, цахим системийн тухайд дараах асуудлуудад анхаарах хэрэгтэйг онцолжээ.  Тухайлбал:

Төрийн худалдан авах ажиллагаа, гэрээний хэрэгжилтийн асуудлаар иргэд санал, гомдол өгөх талбарыг tender.gov.mn хуудсанд бий болгох;

tender.gov.mn хуудсан дахь “цахим дэлгүүр” цэсэд нийтлэх бүтээгдэхүүний стандартыг тодорхой болгох;

tender.gov.mn хуудаснаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг файлаар татаж авах боломжийг бий болгох;

Өндөр төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн тендер зарлахдаа төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл, судалгааг tender.gov.mn хуудсанд байршуулах; 

tender.gov.mn хуудаснаас харааны бэрхшээлтэй иргэнд мэдээлэл авах боломж бий болгох;

Өндөр үнийн дүнтэй тендерүүдийн мэдээллийг авахад хялбар болгохын тулд QR код ашиглах;

Тендерийг гурван удаа зарлаад амжилтгүй болсон тохиолдолд шууд худалдан авалт хийх үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг бий болгох;

Тендерийг богино хугацаатай зарлах тохиолдол түгээмэл байгаа нь худалдан авах ажиллагаанд аж ахуйн нэгжүүд оролцоход хүндрэл бий болгож буйд анхаарч, тендерийн хугацааг уртасгах зэрэг болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top