Төлбөрийн тэнцлийн урсгал данс $281.3 саяын алдагдалтай гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 13

Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний гурван сард 373.2 сая ам.долларын ашигтай гарлаа. 

Тодотгоход, Төлбөрийн тэнцэл гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг.

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2023 оны эхний гурван сард 315.2 сая ам.долларын  ашигтай байсан бол 2024 оны эхний гурван сард урьдчилсан гүйцэтгэлээр 281.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Урсгал данс алдагдалтай гарахад барааны худалдааны импорт нэмэгдэж, барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 485.5 сая ам.доллар буюу 34.6%-иар  буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

Үйлчилгээний худалдааны тэнцэл 2024 оны эхний гурван сард 827.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 38.0 сая ам.доллароор өсжээ. 

Үйлчилгээний худалдааны орлого 2024 оны эхний гурван сард 273.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 33.9 сая ам.доллароор, зарлага 1.1тэрбум ам.доллар болж, 71.9 сая ам.доллароор тус тус өссөн байна. 

Үйлчилгээний орлого 2024 оны эхний гурван  сард өмнөх оны мөн үеэс 33.9 сая ам.доллароор өсөхөд аяллын үйлчилгээний орлого 21.6 сая ам.доллароор, бусад үйлчилгээний орлого 23.2 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлжээ. 

Үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 71.9 сая ам.доллароор өсөхөд аяллын үйлчилгээний зардал 105.2 сая ам.доллароор, бусад үйлчилгээнийх  61.0 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Харин тээврийн үйлчилгээний зардал 94.3 сая ам.доллароор буурчээ. Үйлчилгээний орлогын 43.7 хувийг тээврийн үйлчилгээ,26.6 хувийг  аялал жуулчлалын үйлчилгээ, 29.7 хувийг бусад үйлчилгээний орлого тус тус эзэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top