Банкуудын хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хугацааг хойшлуулахыг дэмжив

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 17

Өчигдөр /2024.05.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. 

2021 онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зэрэг зохицуулалтыг оруулсан. Уг зохицуулалтын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгон хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргаж, банкны салбарын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч, банк санхүүгийн салбар 70 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй боллоо. Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банкны системд нөлөө бүхий банкууд 5.0-11.6 хувийн хувьцааг, Богд банк 20.0 хувийн хувьцааг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтаан олон нийтэд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Хэдийгээр банк хуульд заасан хугацаанд компанийн хэлбэрээ өөрчилсөн боловч банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн шаардлагын хэрэгжилтэд гадаад, дотоод нөхцөл байдлын улмаас хүндрэл үүссэн. Тухайлбал, банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх банкуудын тайланд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн төвлөрлийг бууруулах арга хэмжээ  нь олон улсын хөрөнгийн зах зээл, боломжит хөрөнгө оруулагчдаас хамааралтай байгаа ба хувь нийлүүлсэн хөрөнгийн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг нэгэн зэрэг богино хугацаанд бууруулах нь боломжит цөөн тооны хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсгэх, шийдвэр гаргалтад нөлөөлөх, улмаар эх үүсвэрээ хумих зэргээр банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Мөн дээрх Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шаардлага мөрдөгдөж эхэлсэн даруйд Ковид-19 цар тахлаас шалтгаалан тогтоосон тодорхой хязгаарлалт, ердийн үйл ажиллагааны идэвхжил суларснаас банкнуудаас шинэ хөрөнгө оруулалт эрэлхийлэх боломж харьцангуй хязгаарлагдмал байсан, Монголын хөрөнгийн захын өнөөгийн нөөц багтаамж  болон гадаад хөрөнгө оруулалтын татварын хэмжээ өндөр, Төв банкны бодлогын хүү өндөр зэрэг хөрөнгө оруулалтын орчин таатай бус байгааг харгалзан үзэхэд банкуудын хувьцаа эзэмшлийн төвлөрлийг дийлэнх банкнуудаас богино хугацаанд багтаан бууруулах боломж хязгаарлагдмал байна. Энэхүү хуулийн төсөлд банкны салбарт үзүүлсэн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал болон Монголын хөрөнгийн захын өнөөгийн нөөц багтаамж  болон гадаад хөрөнгө оруулалтын татварын хэмжээ өндөр, Төв банкны бодлогын хүү өндөр зэрэг хөрөнгө оруулалтын орчин таатай бус байгаа зэрэг нөлөөллийг судалж банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулахтай холбогдсон хуулийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаагаар сунгахаар тусгана. Хууль батлагдсанаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг аажмаар бууруулах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, засаглал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл бодитоор, үе шаттайгаар буурч, олон нийтийн хяналт, оролцоо бүхий банкны орчин бүрдэнэ гэж үзсэн хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төсөл өргөн баригдах үеэр ипотекийн зээлийн санхүүжилт шийдэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд зээл олгох явц хурдасаж эхэлсэн талаарх нааштай мэдээллийг холбогдох албаныхан өгсөнийг дурдаад, арилжааны банкууд харилцагчидтайгаа, ялангуяа малчдын зээлийн асуудлаар тулж харилцах нь чухал байна гэв. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top