Монголбанк банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувьд хүртэл бууруулах ажлыг цаг тухайд нь банкуудаар гүйцэтгүүлж чадаагүй, хуулийн хугацааг гурван жилээр сунгуулахаар ажиллаж байна гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч буй.
Тэгвэл үүнтэй холбогдуулан, Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат дараах байр суурийг илэрхийлж байна.
"Монголбанк банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны засаглалыг сайжруулах нь банкны салбарын урт хугацааны тогтвортой байдалд нэн чухал гэсэн байр сууриасаа ухрахгүй тул банкнууддаа урт хугацааны, найдвартай хөрөнгө оруулагчдыг татахад шаардлагатай хугацааг олгож, банкнуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах ажлыг үргэлжлүүлэх нь чухал гэсэн байр суурьтай байна. Банкны хувьцаа эзэмшигчийн банканд оруулсан хөрөнгө оруулалт нь цэвэр, хууль ёсны байх нь банкны салбарын тогтвортой байдал, цаашлаад Олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд чухал бөгөөд Fit&Proper шаардлагыг хангасан хөрөнгө оруулагчдыг олох нь тодорхой цаг хугацааг шаардаж байгаа тул хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлага үүсээд байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд банкууд болон Монголбанкны зүгээс банкны хувь эзэмшлийн төвлөрлийг хуулийн хугацаанд бууруулахаар идэвхтэй ажилласан хэдий ч дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж, Олон улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал зэрэг гадаад, дотоодын олон хүчин зүйлсээс шалтгаалан хуулийн 36.1 дэх заалтын хэрэгжилт хугацаандаа бүрэн хангагдаагүй.
Aнх 2020 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд Монголбанкнаас банкнуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах үйл ажиллагааг бусад улс орнуудын сайн туршлага, манай улсын онцлог зэрэгт үндэслэн 5-6 жилийн хугацаанд хэрэгжүүлэх нь зүйтэй талаарх дүгнэлтийг ч танилцуулж байсан" гэв.
Сэтгэгдэл ( 0 )