Монгол Улс хилээ тойроод 42 боомттой. Хил дагуух аймгууд тус бүртээ нэгээс зургаан боомттой. Орж гарах хөдөлгөөн, ачаа бараа тээвэрлэлт хэр их байхаас боомтын ач холбогдлыг тодорхойлж болно. Гэвч тухайн аймгуудын газар зүйн байрлал, гадаад зах зээл, тээвэр ложистик, олон улсын зам харилцааны сүлжээнд ойр дөхөм байдал нь боомтын хөгжил, ач холбогдлыг улам өргөх учиртай.
Говь-Алтай аймгийн хувьд ажилласан нэртэй нэг боомт, огт ажилладаггүй нэг боомт, нийтдээ хоёрхон боомттой аймаг. Угаасаа Улаанбаатар хотоос 1000 гаруй км алслагдсан, байгал цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг говь-алтайчуудад наад захын гурил, будаа, цай давс, элсэн чихэр, лаа шүдэнзээ дөхүүлэхэд боомтын гачигдал нь түмэн бээрийн газар туулахад хүргээд удаж байна.
Уг нь 1990-ээд оны эхэнд БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронтой Алтай суман дахь Бургастайн боомт, БНХАУ-ын Ганьсу мужтай Эрдэнэ сумын нутаг дахь Нарансэвстэйн боомт тус тус холбогджээ. Шинэ боомтуудад түм түжигнэж, бум бужигнаж байсан цаг саяхан. Харамсалтай нь Нарансэвстэйн боомтыг дөрөвхөн удаа нээн ажиллуулаад Их говийн дархан цаазат газар нутгаар автозамын сүлжээ дайран өнгөрч байна гэдэг шалтгаанаар манайхан хаачихсан. Үлдсэн ганц Бургастайн боомт нь 2005 он хүртэл баруун таван аймгийн худалдаа наймааны гол зангилаа болж, ноос, ноолуур, хөөвөр, хялгас, арьс шир гээд малын гаралтай түүхий эдийн экспортын гол төв болж, гурил, будаа, элсэн чихэр, лаа шүдэнз, жимс жимсгэнэ, саван, угаалгын нунтаг гээд хүнсний болон ахуйн бараа таваар арвинтай орж ирдэг үүд хаалга байжээ.
Гэтэл БНХАУ-аас Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд явуулах улс төр, эдийн засгийн дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдоод Бургастайн боомтоор дамжин хилийн худалдаа хийхэд Монгол Улсын иргэдэд учрах саад бэрхшээл нэмэгдсэн тул аажмаар наймаачдын хөл багасаж, одоо зөвхөн Алтайн Хүдэр компанийн олборлосон уул уурхайн бүтээгдэхүүнийг зөөсөн том оврын машинууд л хилээр нааш цааш хөлхөлддөг болжээ.
Нэгэнт байдал ийм болсон тул БНХАУ-ын Ганьсу мужтай холбогддог Нарансэвстэйн боомтоо нээн ажиллуулья гэж Говь-Алтай аймгийн удирдлагууд төр, засгийн түвшинд удаа дараа хүсэлт тавиад байна. Хятадын талтай ч энэ талаар ярилцахад боомтыг нээхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдээд зогсохгүй, боомтын барилга байгууламж, Алтай хот хүртэлх 500 км цардмал зам зэргийг барихад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ганьсу муж нь эрт дээр үеэс Хятад ба Төв Ази, баруун зүгийн орнуудын хоорондох худалдаа, харилцааг хөгжүүлж ирсэн Торгоны замын зангилаа газар бөгөөд өнөөдөр ч Евроазийн эх газрыг холбосон авто зам, төмөр замын харилцааны зангилаа нутаг болоод байгаа юм. Ганьсу муж эрчим хүч, өнгөт төмөрлөг, газрын тос, хими, цахилгаан эрчим хүч, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан аж үйлдвэрийн бүтэцтэй. Ганьсу мужийн төмөр замын нийт урт 2322 км, авто замын нийт урт 35.9 мянган км юм байна. Энэ их олон зуун км үргэлжилсэн Евроазийн хэвтээ тэнхлэгийн авто болон төмөр замын сүлжээг ашиглахад Монгол Улсын хилийн цаана орших 60-100 км-т замын огтолцлол л хамгийн ач холбогдолтой юм. Үүнд хүрэх гарц бол Нарансэвстэйн боомт юм.
Нарансэвстэйн боомтыг хууль эрх зүйн дагуу, байгаль экологид хохирол учруулалгүйгээр нээн ажиллуулах бүрэн боломжтойг холбогдох байгууллага, мэргэжилтнүүд хэлж байгаа.
Иймд хилийн шугамын дагуу нэг км өргөн зурвас үүсгэж Говийн их дархан газарт нэвтрэхгүйгээр хашаа татаж. засмал зам тавьж замын маршрут тогтоох боломжтой юм. Энэ зам нь хилийн дагуу хэсэг газарт урт үргэлжлэх ч маршрутын хувьд ямар нэгэн тойрог үүсгэж, замын уртыг нэмэгдүүлэхгүй. Харин ч хилийн зурвасын хамгаалалтад эерэг нөлөөтэй байх юм.
Монгол Улсын Засгийн газраас чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд Чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хөрш орнуудын хилийн боомтуудын жишигт хүрэх зорилтуудыг "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан билээ.
Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдаан 2022 оны зургаадугаар сарын 13-нд болж, Нарансэвстэй боомтын үйл ажиллагааг сэргээн нээлгүүлэх тухай хэлэлцэж, холбогдох шийдвэрийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт уламжлахаар болсон юм. Энэ хурал дээр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Боомтыг эргэн сэргээхэд амьтны бэлчээрт нөлөөлөхгүй байдлаас манай улс болон БНХАУ-ын хилийн зурвас дундуур авто зам хийж коридор гарган ан амьтны нүүдлийг хамгаалах тусгайлсан бүс хийх юм. Боомтоос Өргөстэйн застав хүртэл 250 км авто замыг дархан цаазат газрын баруун урд хэсгээр улсын хилээс 500 метр өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж засмал зам тавьснаар дээрх асуудлыг шийдэх боломжтой. Нарансэвстэй боомтын давуу тал нь Халхын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос, Хятадын хил хүртэл Шинжаань Уйгарын Өөртөө Засах Оронтой, зүүн тийш 60 км-т Ганьсу мужтай буюу төв хятадтай хиллэдэг ганц боомт юм” гэж хэлж байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн иргэдтэй 2023 оны есдүгээр сард уулзалт хийж, “Шинэ сэргэлтийн реформ” гэсэн илтгэл тавихдаа “Говь-Алтай аймаг 58.257 хүн амтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, ногоон эрчим хүч, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл болон БНХАУ-ын Ганьсу муж, Шинжаантай хиллэдэг тул хил орчмын худалдаа, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Засгийн газраас тус аймгийн Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулахаар судалж байна” гэж хэлсэн нь говь-алтайчуудад ихээхэн итгэл найдварыг төрүүлсэн юм.
Сайхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Боомтын Үндэсний хороо, Байгаль орчин аялал, жуулчлалын яам, Говь-Алтай, Баянхонгор аймгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Говь-Алтай аймгийн төвөөс Нарансэвстэй боомтын чиглэлээр байгаль орчин, зам тээврийн үнэлгээ хийхээр ажиллалаа. Энэ үеэр БНХАУ-ын Ганьсу мужийн удирдлагуудтай Мазуньшань боомтод уулзалт хийж, Нарансэвстэй боомтыг нээх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ганьсу мужийн Засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Жан Баожүн хэлэхдээ “БНХАУ-ын Ганьсу мужтай хиллэдэг “Нарансэвстэй-Мазуншань” боомтыг нээх нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн тохиромжтой юм. Манай хоёр улсын төрийн тэргүүн нар хилийн боомттой холбоотой асуудлаар олон удаагийн уулзалт хийж, уул уурхай, эрчим хүч, соёл иргэншил, аялал жуучлалын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцож байсан билээ. БНХАУ-ын Мазуншань боомт нь эдийн засгийн их нөөцтэй газар торгоны зам дээр байрладагаараа онцлогтой. БНХАУ-ын засгийн газраас боомтыг нээхэд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. “Нарансэвстэй-Мазуншань” боомтыг нээх нь их чухал болохыг Ганьсу мужид айлчилсан Монгол Улсын Боомт хариуцсан үндэсний хорооны даргын болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нартай уулзаж ярилцсан билээ. БНХАУ-аас ач холбогдол өгч байгаа бөгөөд хилийн боомт нь хоёр улсын иргэдэд маш их чухал ач тустай гэдгийг дахин хэлье ээ. Боомтыг нээхэд Монгол улсад ложистикийн туслалцаа үзүүлэхийн тулд манай зүгээс хүчин чармайлт гаргахад бэлэн байна” гэв. Үнэхээр Нарансэвстэйн боомт ашиглалтад орвол Ази Европыг холбосон Торгоны зам, Цайны зам, Давсны замын дагуу БНХАУ, ОХУ-ыг холбосон хамгийн дөт дамжин өнгөрөх автозамын сүлжээнд холбогдож, Монгол орны баруун бүс нутгийн тээвэр ложистикийн салбарт дэвшил гараад зогсохгүй олон улсын транзит тээвэрлэлт хөгжих, хөнгөвчлөх нөхцөл бүрдэх юм.
Өнөөдөр монголчууд чанар сайтай харьцангуй хямд үнэтэй жимс импортлохдоо ОХУ-аар дамжуулан Алтанбулаг боомтоор авахад 5821 км, ОХУ Казастанаар дамжуулан авахад 4749 км замаар тээвэрлэлт хийж байна.
Баруун аймгуудаас мах махан бүтээгдэхүүн экспортлоход баруун бүсийн иргэд Улаанбаатар хотоор дамжин 1700 км зам туулаад зогсохгүй, транзит тээвэрлэлт хийх нь тээврийн зардал болон цаг хугацаа ихээр шаардагдана.
Баруун бүсийн иргэдийн хувьд голлох түүхий эд болох ноос, ноолуурын улирал нь зүүн бүсийнхээс оройтож гардаг учир түүхий эдийн үнэ унаж малчдад орлогын эрсдэлийг үүсгэдэг.
Говь-Алтайнхан төдийгүй баруун бүсийнхэн Зам-Үүд боомтоос Улаанбаатараар дамжуулан нутаг орондоо багадаа гэхэд 1800 км замаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ татаж, тээвэрлэлтийн маш их зардал гарган Монгол Улсын хувьд хамгийн өндөр зардлаар амьдарч байна.
Иймд Нарансэвстэйн боомтыг нээснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал шатахуун импортлох, монгол орноос хөдөө аж ахуй,мал аж ахуйн гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ.
Сүүлийн үед манай бизнесмэнүүдийн сонирхлыг татаад байгаа Турк улс болон монгол хонины мах хамгийн эрэлттэй байгаа Иран ба Дундад Азийн орнууд руу хийх гадаад худалдааны томоохон төвийг ч Нарансэрвэйн боомтод байгуулж болно шүү дээ.
Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Алтай-Бургастай чиглэлийн замыг 2023-2024 онд барихаар төлөвлөсөн. Үүнийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд дахин авч үзэж Нарансэвстэй-Алтай хот болгон чиглэлийг нь өөрчилбөл илүү ач холбогдолтой юм.
Ядахдаа замаа ч гэсэн тавьж эхэлж л байхсан.
Торгоны замын торгон үзүүр Монгол Улсын хилийн цаана хэдхэн бээрийн зайтай зурайж байхад монголчууд бид тойрч будилж хохирч суух нь хэнд ашигтай вэ?
Сэтгэгдэл ( 2 )
БООМТ НЭЭХЭД АМЬДРАЛ ХӨГЖИЛД ТУС БОЛОХООС ЛАЙ БОЛОХГҮЙ.БААХАН БАЯЛАГ ЗӨӨХ ЮМ ЯРЬНА.УГААСАА ХЯТАДУУД ЫН МЭДЭЛ ЛИЦЕНЗЭЭР ӨГЧИХСӨН
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan