"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлт өнөөдөр /2024.06.20/ болж байна.
Тус компани стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь нүүрс баяжуулах энэхүү үйлдвэр юм.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл 2022 онд эхэлж байсан. Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2 үе шаттай хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байв.
Тэгвэл төсөл эхэлснээс хоёр жилийн дараа эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орж байна.
Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын тухай” 113 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, туршилт, тохируулгын нээлт ийнхүү болж байна.
Сэтгэгдэл ( 0 )