Д.Баярсайхан: Нийслэлийн Засаг даргаас бонд гаргаж буй нь хөрөнгийн зах зээлд түүхэн үйл явдал болж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 20

Нийслэлийн Засаг даргаас нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр /2024.06.20/  боллоо. 

Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаатар, үндсэн болон туслах андеррайтерийн төлөөллүүд, холбогдох бусад хүмүүс оролцлоо. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас баталсан “Алсын хараа-2050”, “Зээлийн хүүг бууруулах стратеги” болон дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд олон улсад өрсөлдөхүйц хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог өсгөж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн Засаг даргын үнэт цаас ийнхүү олон нийтэд гарч байгаа нь хөрөнгийн зах зээлд бас нэгэн түүхэн үйл явдал болж байна. 

Олон улсад хот, мужууд нь томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох зорилгоор хөрөнгийн зах зээл дээр бонд гаргадаг. 

Жишээлбэл, АНУ нь дэлхийн хамгийн том бондын зах зээлтэй улс бөгөөд бондын зах зээл нь 51 их наяд ам.доллароор үнэлэгддэг. Үүнээс орон нутгийн бонд буюу municipal bond-ын зах зээл нь 4 их наяд ам.доллароор үнэлэгддэг бөгөөд зээлжих зэрэглэлийн дундаж нь АА буюу хамгийн эрсдэл багатай, найдвартай гэдэг ангилалд багтдаг билээ.

Хөрөнгийн зах зээлд нийслэлийн Засаг даргын бонд гарснаар шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэхээс гадна суурь өгөөжийн жишиг хүү бүрдэж, бондын үнэлгээ олон улсын жишгийн дагуу тогтдог болох, цаашлаад дотоодын бондын зах зээл хөгжиж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын нээлттэй, хаалттай ХОС-уудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өсөх чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Орон нутгийн бонд нь тухайн хот, аймгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой, цаашлаад Монгол Улсын нийгмийн томоохон асуудлыг шийдсэнээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чухал ач холбогдолтойг онцолж хэлмээр байна. Манай Улсын хувьд одоо энэ зохицуулалт бүрдсэнийг түүчээлэн Нийслэлийн засаг даргаас бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлийн түүхэн нэг явдал болж байгаад баяр хүргэн нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүсье” гэлээ.

Энэхүү бонд нь 3 хүртэл жилийн хугацаатай, жилийн 15.2 хүртэлх хувийн хүүтэй нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийг татан төвлөрүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top