Санхүүгийн зохицуулах хорооноос Торонтогийн хөрөнгийн бирж, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Capital Markets Mongolia байгууллагатай хамтран “Opportunities on Toronto Stock Exchange: Navigating listings & Regulations” вебинарыг зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан вебинарыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбох, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүд шаардлагатай урт хугацааны санхүүжилтээ олон улсын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд нь бодлогоор дэмжлэг үзүүлж, татвар, эрх зүйн зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт юм. Тиймдээ ч биржид бүртгэлтэй компаниудыг Монголын болон гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, хувьцаат компаниудын тайлан, мэдээ, мэдээллийг англи хэл дээр гаргах, түгээх, хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг сайжруулах зэрэг чиглэлд анхаарч ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.
Вебинараар СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын төлөвийн талаар танилцуулахын сацуу Торонтогийн хөрөнгийн биржийн Европ, Ойрх Дорнод, Африкийн бүс хариуцсан Бизнес хөгжлийн захирал ноён Graham Dallas давхар бүртгэл, гадаадын үнэт цаас гаргагчид тавигдах нөхцөл, шаардлага, бүртгэлийн онцлох зохицуулалтууд болон тайлагналын шаардлагын талаар банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн нийт оролцогчид болон олон улсад үнэт цаас гаргах сонирхолтой аж ахуйн нэгж, компаниудад мэдээлэл өгсөн юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбох хүрээнд цаашид энэ төрлийн вебинарыг цуврал болгон зохион байгуулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )