Б.Онон: Телевизүүд нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар тэнцвэргүй мэдээлсэн хэвээр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 26

УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явцад хийж буй ажиглалт, мониторингийн явцын талаар Нээлттэй нийгэм форумаас ээлжит   мэдээллээ  хийлээ. 

"Глоб Интернэшнл төв" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Онон дараах мэдээллийг өглөө. 

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж, Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингод  МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, Eagle news гэсэн 5 телевизийг хамруулав. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторингод суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэв.

Зургаадугаар сарын 10-26-ныг дуустал үргэлжлэх 3 үечлэлээр хийгдэж буй судалгааны хоёрдугаар үе буюу зургаадугаар  сарын 17-23-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн судалгааны урьдчилсан дүнг танилцуулж байна.

Хоёрдугаар үе буюу зургаадугаар сарын 17-23

Судалгааны хугацаанд 5 телевизийн 636 цаг 14 минут 00 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 20% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.

Арилжааны 4 телевизийн сонгуультай холбоотой мэдээллийг агуулгын  хувьд ангилан үзвэл  52% нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, 32% нь төлбөртэй нэвтрүүлэг, 23% хувь нь далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл байв. Сонгогчдын боловсролд зориулсан хамгийн их нэвтрүүлгийг Eagle news дамжуулсан нь 76%-д хүрсэн бол хамгийн их далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийг NTV телевиз нэвтрүүлсэн нь 36%-д хүрчээ.

Арилжааны телевизүүд 4-5 нам эвсэлд түлхүү цаг оноосон нь мониторингоор илрэв. Харин бие даагчдын талаар хангалттай мэдээлэл нэвтрүүлсэнгүй.

МҮОНТ хуулийнхаа дагуу нам, эвслүүдэд ойролцоо цаг оноожээ.  Тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг МАН-д оногдсон нь 12%-ийг эзэлсэн бол АН-д 9%-ийг оноожээ. Харин бие даагчдад хуваарилсан цаг 6%-тай тэнцэв. Арилжааны бусад телевизүүдийн хувьд мөн л хамгийн их цагийг МАН-д зарцуулсан нь дунджаар 55%, АН-д зарцуулсан цаг 28% хүрчээ.

Сонгуулийн сурталчилгааны дунд хугацаанд магтаж сайшаасан, эерэг өнгө аястай мэдээллийн хэмжээ нэмэгдсэн ч телевиз тус бүрт харилцан адилгүй байв. Тухайлбал ТV9 телевизийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 97% нь эерэг буюу магтаж сайшаасан өнгө аястай байсан бол NTV телевизийн эерэг өнгө аястай мэдээлэл ердөө 2%-д хүрчээ. Бүх телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл буурсан нь 2-7% байна.

Телевизүүд хуульд заасан 60 минут, нэг нам эвсэл, нэр дэвшигчид оногдох 15 минут, мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлэх 5 минутын хязгаарлалтыг зөрчсөн ноцтой тохиолдол мониторингийн урьдчилсан дүнгээр илэрсэнгүй.

Телевизүүд нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар тэнцвэргүй мэдээлсэн хэвээр байна. Монгол TV-ийн сонгуулийн тухай мэдээллийн 85%-ийг МАН дангаараа эзэлж байгаа бол NTV телевизийн мэдээллийн 51%-ийг АН дангаараа эзэлсэн нь анхаарал татахуйц байна.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нам эвсэл, нэр дэвшигчдийн нэвтрүүлсэн мэдээллийн агуулгыг ангилан үзвэл 30 гаруй хувь нь тухайн намын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан мэдээлэл эзэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top