Хятадын компаниудын 4000 тонн самрын экспортыг гацаасан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 27

Монгол, Хятад  хоёр орны өнгөрсөн жилийн худалдааны эргэлт 16,5 тэрбум ам.доллар хүрч 36% өсөлттэй гарчээ.

Энэ нь хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжил улам хөгжиж байгааг илтгэж буйг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, БНХАУ-ын Худалдааны яамны харьяа, Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шао Ган нарын энэ сарын 17-нд хийсэн уулзалтын үеэр талууд онцолжээ. 

Түүнчлэн цаашид дараах асуудлууд дээр ажил хэргийн байдлаар хамтран ажиллахаар ярилцсан байна. Тухайлбал, 

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүн зэрэг салбаруудын худалдаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах, бодит төслүүдийг хэлэлцэн хэрэгжүүлэх.

2024 оны арваннэгдүгээр  сард Бээжин хотод зохион байгуулах “Ханган нийлүүлэлтийн сүлжээ” олон улсын экспод Монголын бизнес эрхлэгч нарыг өргөн бүрэлдэхүүнээр оролцуулах.

Монгол Хятад хоёр улсын бизнес эрхлэгч нарын эрх ашгийг хамгаалах, тогтвортой бодлогыг баримталж ажиллах. Тухайлбал, хуш модны самрын экспортод хөрөнгө оруулалт хийсэн Хятадын компаниудын 4000 тонн самрын экспортыг Монголын төр гэнэтийн шийдвэрээр өртөг нэмэгдүүлэн гацаасан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд МҮХАҮТ дэмжлэг үзүүлэн ажиллах.

Бугат хотод энэ оны наймдугаар сарын 15-17-ны  хооронд зохион байгуулах Орос-Хятад-Монгол гурван улсын ХАҮТ-уудын уулзалт форумд идэвхтэй, өргөн бүрэлдэхүүнээр оролцох. Форум нь а) Хөдөө аж ахуй, б) Шинэ эрчим хүч, в) Аялал жуулчлал, г) Хууль эрх зүйн орчин гэсэн сэдвийн хүрээнд болно.

Харилцан бизнес хийж буй, хийхийг зорьж буй Монгол Хятадын компаниудад хууль зүйн практик зөвлөгөө чанартай үйлчилгээ үзүүлэх тусгай нэгж байгуулан хоёр байгууллага хамтран ажиллах. Өнгөрсөн жилүүдэд үүсэж хуримтлагдан шийдвэрлэгдээгүй байгаа бизнесийн маргаан, шүүхийн асуудал дээр хууль зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах.

Тяньжин боомтоос чингэлэг тээврийн цуваа 7 хоногт 2 байсныг 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 0,5 болгосны улмаас үүссэн бөөгнөрлийг шуурхай арилгах тал дээр хамтрах ажиллах.

МҮХАҮТ-аас санаачилсан Бизнесийн сэргэлт 10 000 залуусын сургалтын хөтөлбөрт хамрагдсан залуусыг олон улсын бизнесийн богино сургалтад хамруулах дээр хамтран ажиллах зэрэг асуудлуудыг ярилцжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шоронгоос(46.135.15.146) 2024 оны 06 сарын 28

ХАМАГ БАЯЛАГАА ХЭДХЭН ХУЛГАЙЧИД ЗАРААД ЭХ ОРОН ЮУ ХОЖИВ?

1  |  0
Зочин(103.57.93.64) 2024 оны 06 сарын 28

Битгий өг. Өөрсдөө тос хий. Чингэлэг өг!

1  |  0
Top