Биржээр 15.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжлаа

2024 оны 06 сарын 28

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны 2024 оны эхний хагас жилд 339 амжилттай дуудлага худалдаа явагдаж, 15.5 сая тонн бүтээгдэхүүн арилжлаа. Энэ нь өнгөрсөн жилийн нийт арилжааны хэмжээтэй ойролцоо үзүүлэлт болжээ.

Биржээр 13 төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсаны 7 нь нүүрсний төрөл эзэлж байна. Биржийн арилжаанд "Энержи Ресурс" ХХК хамгийн идэвхтэй буюу 44 хувьд оролцсон. Харин "Эрдэнэс Тавантолгой" хамгийн олон төрлийн бүтээгдэхүүн борлуулснаас гадна хамгийн их буюу 10.7 сая тонн бүтээгдэхүүн арилжсан байна.

Биржээр арилжсан нүүрсний хэмжээ 14.5 сая тонн хүрсэн нь нүүрсний экспортын 39 хувьтай тэнцжээ.

Он гарснаас хойш Уул уурхайн бүтээгдэхүүний хуулиар зэсийг албан ёсоор арилжих Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ оролцож байна. Арилжааны хугацаанд гурван удаа дуудлага худалдаа зарлахад хоёр нь амжилттай явагдлаа. Мөн хайлуур жоншны дуудлага худалдаа анх удаа амжилттай болсон. Тус төрлийн бүтээгдэхүүнийг албан ёсоор өнгөрсөн оны есдүгээр сараас арилжиж эхэлсэн юм.

Төмрийн хүдэр, баяжмалын арилжаа өмнөх онтой харьцуулахад идэвхтэй явагдаж байна. Нийт дуудлага худалдааны 44 хувьд тус бүтээгдэхүүн оролцжээ.

Биржийн арилжаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи Ресурс" ХХК, Хангад Эксплорэйшн" ХХК, "Тавантолгой" ХК, "Монголын Алт (МАК)" ХХК, Монголросцветмет" ТӨҮГ, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ, "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК гэсэн компаниуд оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top