Японы хамгийн том мөнгөн тэмдэгт шинэчлэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 03

Японы хамгийн том буюу 10 мянган иений мөнгөн тэмдэгт 1984 оноос хойш анх удаа төрхөө өөрчилжээ.

Философич, соён гэгээрүүлэгч Юкита Фүкүзавагийн хөргийг Японы капитализмын эцэг гэгддэг Эйичи Шибүсавагаар сольжээ. Түүнийг мөн орчин цагийн Японы эдийн засгийн эцэг хэмээн нэрлэдэг байна. Шибүсава нийгмийн хамгийн доод анги давхаргын гэр бүлд хамгийн хүнд үед төрсөн ч өөртөө ашигтайгаар эргүүлж, улс эх орноо хөгжүүлж болдгийг өөрийн амьдралаараа баталжээ. Тэрээр 500 орчим компанийг дангаар болон бусадтай хамтран үүсгэн байгуулснаас Дайичи Банк, “Tokyo Gas”, хэвлэл мэдээллийн “Nikkei”, “IHI”, автомашин үйлдвэрлэгч “Isuzu”, зорчигч тээврийн “Nippon Yusen”, төмөр замын “JR”, "Империал" зочид буудал, шар айраг үйлдвэрлэгч “Sapporo”, “Asahi”, “Kirin”, барилгын “Sekisui”, эрчим хүчний “ТЕРСО” зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниуд юм. Күнзийн гүн ухааныг судалж байсан Шибүсава нийгэмд ашиг тустай 600 байгууллага болон нийгэмлэгийг дангаар болон хамтран байгуулсны дунд Хитоцүбаши, Такүшёкү болон эмэгтэйчүүдийн их сургуулиуд, Японы улаан загалмай нийгэмлэг, Гэгээн Лукийн эмнэлэг зэрэг багтдаг байна.

10 мянган иений дэвсгэртээс гадна 5000 болон 1000 иений дэвсгэртүүд мөн шинэчлэгджээ. 5000 иений дэвсгэрт дээрх зохиолч Ичиё Хигүчигийн хөргийг АНУ-д суралцахаар явсан анхны эмэгтэй оюутан Үмэко Цүда-г дүрсэлсэн бол 1000 иений дэвсгэрт дээрх микробиологич Хидэё Ногүчигийн оронд Китасато их сургуулийг үндэслэгч Шибасабүро Китасато заларчээ. Тэрээр тахал өвчин үүсгэгчийг нээсэн хүний нэг юм.

Шинэ мөнгөн тэмдэгтүүдэд дэлхийд анх удаа 3D голограммыг ашигласнаар харах өнцгөөс хамааран хөрөг зураг дээрх хүмүүс толгойгоо эргүүлж, хэрэглэгчийн нүд рүү хардаг байна. Түүнчлэн шинэ мөнгөн дэвсгэртүүд дээрх товгоруудын тусламжтай харааны бэрхшээлтэй хүмүүс хэдэн иений мөнгөн тэмдэгт болохыг хялбархан мэдэх боломжтой гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top