Эдийн засгийн ерөнхий хандлагыг харуулдаг Purchasing manager index - PMI буюу “Худалдан авалтын менежерийн индекс”-ийн 2024 оны нэгдүгээр улирлын дүнгээс танилцуулъя.
Тодотгоход, PMI нь бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын хувьд эдийн засаг, бизнесийн төлөв байдлыг харах, үйл ажиллагаагаа удирдах, төлөвлөх, урьдчилан таамаглах, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой үзүүлэлт болдог.
Олон улсын туршлагаас харахад уг индексийг тооцохдоо эдийн засгийн голлох салбаруудын нөлөө бүхий 400 орчим аж ахуйн нэгжүүдийг сонгон түүвэрлэлтэд хамруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ захиалга, ажил эрхлэлт, бараа материалын нөөц, хүргэлтийн хугацаа болон бусад үзүүлэлтийн талаарх мэдээллийг судалж, эдгээр үзүүлэлт бүрээр индексийн утгыг тооцон, индексийн өөрчлөлтийг харгалзан дүгнэлт өгдөг аж.
Түүнчлэн Монголбанкнаас энэхүү үзүүлэлтийг олон улсад нийтлэг ашиглагддаг аргачлалын дагуу бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид болон олон нийтийн хэрэгцээнд зориулж улирлын давтамжтай тогтмол гаргаж буй юм.
Тэгвэл Монгол Улсын худалдан авалтын менежерийн ерөнхий индексийн утга 2024 оны нэгдүгээр улиралд тэлэлтийн мужид 51.8%-тай гарчээ.
Энэ нь өмнөх улирлаас 6.8 нэгж хувиар буурсан ч, сүүлийн зургаан улирал дараалан тэлэлтийн мужид хэвээр хадгалагдлаа. Өмнөх улирлын үзүүлэлтээс буурахад шинэ захиалга, үйлдвэрлэл, ажил эрхлэлт, нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацааны үзүүлэлт буурсан нь гол нөлөөг үзүүлжээ.
Нийлмэл индекс: Нийлмэл индексүүдийн хувьд үйлдвэрлэлийн индекс сүүлийн 8, бараа материалын нөөцийн индекс сүүлийн 5, шинэ захиалгын индекс сүүлийн 4, ажил эрхлэлтийн индекс сүүлийн 2 улирал дараалан тэлэлтийн мужид гарсан байна.
Харин нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацааны индекс 13 улирал дараалан агших мужид хэвээр байгаа бөгөөд өмнөх улирлын үр дүнтэй харьцуулахад бага зэрэг буурсан байна.
Салбарын индекс: Энэ улиралд дотоод худалдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлт тэлэлтийн мужид, аж үйлдвэр, барилгын салбарын үзүүлэлт агших мужид гарлаа.
Үйлчилгээний салбар сүүлийн 8 улирал, дотоод худалдааны салбар 5 улирал дараалан тэлэлтийн мужид гарсан байна.
Харин барилгын салбар сүүлийн гурван улирал дараалан агших мужид байгаа бол аж үйлдвэрийн салбарын индекс тэлэлтийн мужаас агших мужид шилжлээ.
Өмнөх улирлын утгатай харьцуулахад барилгын салбарын индекс 12.3 нэгж хувиар нэмэгдсэн бол аж үйлдвэрийн салбарын индекс 12.9, үйлчилгээний салбар 5.7, дотоод худалдааны салбар 0.8 нэгж хувиар тус тус буурлаа.
Үйлдвэрлэлийн индексийн утгыг бодит ДНБ-ий жилийн өөрчлөлттэй харьцуулан харахад үйлдвэрлэлийн индексийн утга 50%-аас их гарсан дийлэнх үеүдэд бодит ДНБ өсөлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн индексийн утга нь бодит ДНБ-ий өсөлтийг тайлбарлах чадвар өндөр байна.
2024 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн индексийн утга 51.7%-тай гарсан бөгөөд энэ улиралд эдийн засаг өсөлттэй гарчээ.
Аж үйлдвэр: Тайлант улиралд салбарын ерөнхий үзүүлэлтүүдийн хувьд бараа материалын нөөц, ажил эрхлэлтийн индексийн утга тэлэлтийн мужид гарсан бол үйлдвэрлэл, шинэ захиалга болон нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацааны индексийн утга агших мужид гарлаа. Өмнөх улиралтай харьцуулахад үйлдвэрлэл, шинэ захиалгын индексийн утга буурч агших мужид шилжсэн байна.
Үйлдвэрлэлийн үзүүлэлт 22.6, шинэ захиалга 20.9, ажил эрхлэлт 10.6 нэгж хувиар тус тус буурсан бол бараа материалын нөөц болон нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацааны үзүүлэлтүүд бага зэрэг өссөн төлөвтэй байна.
Нэмэлт үзүүлэлтүүдийн хувьд бизнесийн үйл ажиллагааны төлөв өмнөх улирлаас 40.0 нэгж хувь, худалдан авалтын тоо хэмжээ 17.3 нэгж хувь, дуусаагүй үйлдвэрлэл 13.4 нэгж хувиар тус тус буурч, агших мужид шилжсэн нь салбарын гол өөрчлөлт болж байна. Мөн бүтээгдэхүүний үнэ 2.5, түүхий эд, материалын үнэ 2.1 нэгж хувиар буурсан бол бэлэн бүтээгдэхүүн 2.6 нэгж хувиар өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )