ХБНГУ-ын Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц “Мах Импекс” ХК-ийн үйл ажиллагааг онцлон, танилцлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 04

Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Мах Импэкс” ХК-д зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үндэсний ууган үйлдвэр 78 жилийн түүхт “Мах Импэкс” ХК нь 1946 оноос хойш 3 удаагийн томоохон түүхэн шинэчлэлийг хийсэн бөгөөд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар Монгол Улсын анхны мах боловсруулах үйлдвэрийг нээж, 1968-1972 онд ХБНГУ-ын тусламжтайгаар хоёр дахь удаагаа томоохон шинэчлэл хийж байсан бол гуравдугаар ээлжийг 2019-2023 онд Австри улсын "Берч Ласка" групптэй хамтран Европ стандартад нийцсэн, хоногт 50 тонн мах махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг шинээр нээж, ашиглалтад оруулсан билээ.


“Мах Импэкс” ХК нь Герман, Австри улсуудтай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тус үйлдвэр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи болон тоног төхөөрөмжийн хувьд Европ стандартын маш өндөр түвшинд хөгжсөн тоног төхөөрөмж, технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн үндэсний томоохон мах боловсруулах үйлдвэр юм.

"Мах Импекс" ХК нь Дэлхийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч брэнд болох VEMAG, MULTIVAC, BASTRA, LASKA, ELPRESS, SORGO, BIZERBA, INJECT STAR, MAGURIT, KOLBO зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Олон Улсын түвшний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд Олон Улсын ISO:9001, ISO:22000, HACCP стандартыг мөрдөж ажилладаг. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд, жорыг Герман Улсын томоохон жорны нийлүүлэгч MONGUNTIA компаниас авдаг.


Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц "Европ стандартын өндөр түвшинд хөгжсөн тоног төхөөрөмж, технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн нь маш сайшаалтай хэрэг. Мөн дэлхийд байхгүй том давуу тал болох бэлчээрийн аж ахуйгаар бэлтгэсэн мал төхөөрч, ард иргэдийнхээ мах махан бүтээгдэхүүний хэрэглээг хангадаг нь үнэхээр том давуу тал" гэдгийг онцлов.

Харин "Мах Импекс" компанийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа "Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч, европ стандартын шинэ үйлдвэрийн бүтээгдэхүүн болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг танилцууллаа. Бид өнөөдөр ирээдүйн боловсон хүчнээ бэлдэхийн тулд Европын холбооны улсууд, тэр дундаа Герман улсад Инженер, техник, технологийн салбарын ажилчдаа бэлдэх зорилгоор хүсэлт тавилаа. Энэхүү хүсэлтүүдийг маань хүлээн авч, хамтарч ажиллахаа илэрхийлсэнд таатай байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.190.254) 2024 оны 07 сарын 05

omri

0  |  0
Top