12.438 өрхийг хамруулсан судалгааны дүнг танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 08

Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу Үндэсний Статистикийн хороо нь Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан UNICEF Mongolia, НҮБ-ын Хүн амын сангийн UNFPA Mongolia техник, санхүү, арга зүйн дэмжлэгтэйгээр “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023”-ыг зохион байгууллаа. 

Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын хүүхэд, эмэгтэй, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл, хүн амын ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээний талаарх мэдээллийг цуглуулж, мэдээллийн нэгдсэн санг баяжуулах зорилготой юм. 

Судалгааны үр дүн нь Тогтвортой хөгжлийн зорилго, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тусгай чуулганы тунхаглал болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэмжих, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход мэдээллийн чухал эх үүсвэр болох юм.  

Энэ удаагийн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон улсын зөвлөх үйлчилгээний багаас гаргасан Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны 7 дахь хөтөлбөрийн дагуу өсвөр үе, залуучуудын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэндийн бүлгийн асуулгыг нэмж цуглуулснаараа онцлогтой. 

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2023 оны аравдугаар сарын 4-нөөс арванхоёрдугаар сарыг дуустал нийт гурван сарын хугацаанд зохион байгуулж, Улаанбаатар хотын 2833, орон нутгийн 9605 нийт 12438 өрхөөс мэдээллийг бүрэн цуглуулсан. 

Судалгааны үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх хүрээнд мэдээлэл цуглуулалт дууссанаас хойш зургаан сарын дотор 150 гаруй үзүүлэлтийг улс, бүсийн түвшинд тооцон танилцуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top