Санхүүгийн зохицуулах хороо Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран хадгаламж, зээлийн хоршоодын удирдлагуудад сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа.
Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захирал Elenita V. San Roque, техник туслалцааны ахлах зөвлөх Ranjith Hettiarachchi нар удирдан явуулсан сургалтаар хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн орчинд хэрэгжиж буй хоршооллын зарчмууд, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, бодлого төлөвлөлт, хяналт үнэлгээний талаар мэдээлэл олгосон юм.
Мөн хадгаламж, зээлийн хоршооны олон улсын чадавхын үнэлгээний систем, хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх арга зүй зэрэг сэдвээр мэдээлэл, мэдлэг өгсөн бөгөөд Улаанбаатар хот, Орхон, Дархан, Говь-Алтай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн нийт 15 ХЗХ-ны 17 гүйцэтгэх захирал, тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүд хамрагдлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл мөн энэ үеэр Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, Монголын хадгаламж, зээлийн хоршооны салбарын хөгжил, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.
Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо нь Ази тив даяар бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой хадгаламж, зээлийн хоршоодыг хөгжүүлж, харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмждэг байгууллага бөгөөд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны гишүүн байгууллага нь юм.
Сэтгэгдэл ( 0 )