Экспорт $332.7 саяар, импорт $1.1 тэрбумаар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 17

Монгол Улс 2024 оны эхний зургаан сард нийт 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.9 тэрбум ам.доллар, импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. 

Экспорт энэ оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 332.7 сая ам.доллароор өсөхөд нүүрс 331.6 сая ам.доллар, зэсийн баяжмал 124.6 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 63.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 78.8 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор буурчээ. 

Импорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 137.3 сая ам.доллар, дизелийн түлш 126.4 сая ам.доллар, ачааны автомашин 114.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 88.0 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 60.8 сая ам.доллар, автобензин 58.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top