Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлаг нь Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг В (тогтвортой) буюу Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хэвээр үлдээж, Watch Negative ангиллаас гаргаад байна.
Фитч агентлаг нь Хөгжлийн банкны 2023 оны IV улиралд хугацаа нь дуусах байсан хоёр бондын өр төлөлтөд учирч болох эрсдэл болон бодлогын чиг үүргийн ач холбогдлыг “Эрсдэлтэй” гэж үзэн 2023 оны аравдугаар сард зээлжих зэрэглэлийг буурч болзошгүй буюу “Watch Negative” ангилалд оруулаад байсан юм.
Харин Хөгжлийн банк нь 2023 онд эргэн төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар болон Самурай бондын 30 тэрбум иенийг өөрийн эх үүсвэрээр цаг хугацаанд нь амжилттай төлж барагдуулан гадаад өрийн дарамтаас гарсан нь зэрэглэл буурах эрсдэлтэй ангиллаас гарахад голлон нөлөөлжээ.
Түүнчлэн банкны засаглал, санхүүжүүлэх төсөл хөтөлбөр болон чиг үүрэгтэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байгаа нь банкны бодлогын чиг үүргийг бататгаж, төрөөс дэмжлэг авах боломжийг бүрдүүлнэ гэж тус агентлагаас үзсэн байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлаг хамгийн сүүлд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээ (Baseline Credit Assessment)-г CAA2 түвшнээс CAA1 хүртэл ахиулаад байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )