Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, сайдын зөвлөх Ж.Ганхуяг, Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, "Оюу толгой" ХХК-ийн талаас "Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер, Засгийн газрын харилцаа хариуцсан төлөөлөгч Б.Алтангэрэл, Гадаад харилцааны Ерөнхий зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцож Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, "Оюу толгой" ХХК-ийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
"Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар томилогдсон Ц.Туваанд баяр хүргэж, амжилт хүсжээ. Тэрбээр уулзалтын эхэнд шинээр томилогдсон сайдын ажлын туршлага энэ салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Оюутолгой бол дэлхийн хэмжээний орд газар гэдгийг дурдаж Монгол Улсын болон олон улсын хууль, дүрэм журмын хүрээнд дэмжлэг үзүүлэн, оролцогч талуудын хамтын ажиллагаа харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллахаа илэрхийлсэн байна.
Тэрбээр, Уул уурхайн баялаг бол хязгаарлагдмал нөөц учир нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа тул яамныхаа нэрд “Аж үйлдвэр” гэх нэр томьёог тусгасан талаар уулзалтын үеэр онцолжээ. Оюутолгойн гэрээнд дурдагдсан байгаа ойрын хугацааны төлөвлөгөө, стратегийн шийдвэрүүд, бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай бүрэн танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцохоо сайдын зүгээс илэрхийлжээ.
Түүнчлэн цаашид эрчим хүчний хангамжтай холбоотой асуудлаар ярилцах нь цаг үеийн хувьд ач холбогдолтой гэсэн байна.
Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн орд газраас ашиг, орлогын өндөр хүлээлттэй байгаа. "Оюу толгой" ХХК-ийн үйлдвэрийн зардал өсөх тутам монголын талд үлдэх ашиг багасах тул талууд харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллахыг онцлон дурджээ.
“Оюу толгой” ХХК-ийн зүгээс үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, 2025 он гэхэд гүний уурхайн төслийг дуусгах бөгөөд ингэснээр бүрэн хүчин чадлаараа ажиллах чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болно гэв.
Мөн аж үйлдвэржилтийн чиглэлээр олон судалгааны ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд уусган баяжуулах болон хайлуулах үйлдвэрийн талаар хийж буй судалгаагаа танилцуулахаа онцлон цаашид Оюутолгой төслийн ажлыг илүү түргэн шуурхай явуулж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна хэмээв гэж Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Туваан чинь харин ажил хийчмээр юм шиг байх чинь вэ