(Хөрөг нийтлэл)
“Хувь заяа” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмааг урилаа.
Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа жудо бөхийн 52 кг жинд барилддаг шигшээ багийн жудоч юм. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн наадмын хошой мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, Универсиад наадмын аварга. 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн олимпод оролцож байсан түүнийг Олон улсын жудогийн холбооноос чансаа дээгүүр тамирчнаар эрэмбэлдэг. Хонгконгийн шигшээ багт урилгаар дасгалжуулагчаар ажиллаж байгаад эх орондоо буцаж ирсэн түүний ажил, амьдралаас уншигч танаа хуваалцъя.
ГЭРЭЭ МАРТСАН ГЭСЭР ШИГ Л...
Тэрбээр 1985 оны намар Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Эцэг эхээс тавуулаа. Дээрээ гурван ахтай, айлын дөрөв дэх хүүхэд. Бунд, Бундан гэж хоёр ихэр ахтай, нэг эмэгтэй дүүтэй түүний бага нас сумын төвийн хүүхдүүдийн адил өссөн ч нэг ялгаатай зүйл бий. Тэр нь ах нартайгаа барилдаж ноцолдоогүй өдөр бараг байгаагүй гэхэд хилсдэхгүй. Бөх эмэгтэйчүүдийн дийлэнх нь хүү олонтой айлд төрж өссөн байх. Энэ түүх М.Бундмаа гавьяатад бас давтагдаж байна. Бундмаа охин ах нараа ихэвчлэн давдаг, шартай охин байсан нь хувь тавилангийн өгөгдөл гэлтэй. Хамгийн дуртай хичээл нь мэдээж биеийн тамир. Намрын спартакиадад байнга амжилттай оролцдог эршүүд охин байв. Телевизээр үе үе эмэгтэйчүүд самбо, жудо бөх барилдаж байгаа тухай мэдээ гарахаар сониучирхан үзнэ. Аавын ах нь үндэсний бөх барилддаг. Харин аав нь үгүй. Аав Осорын Мөнхбаатар нь тээврийн тэрэгний жолооч. Ээж Дэлийн Алтаннавч Эрдэнэзуу музейн няраваар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарчээ. Тэднийхэн одоо хэзээнээсээ эргэл мөргөлийн орон болсон Эрдэнэзуудаа суугаа. Ижий аав нь охиноо харуулдан “Хэзээ ирэх вэ” гэж байнга утсаар асууна. “Гэрээ мартсан Гэсэр” гэдэг шиг М.Бундмаа гавьяат болохоор “Би энэ жил гэртээ долоо л хоносон байсан. Ерөөсөө л Улаанбаатарт ирлээ, явлаа гэдэг маршруттай. Бараг дамжин өнгөрөх маягтай болчихсон байсан” гэж ярихад нь дасгалжуулагч хүн байнгын бэлтгэл, тэмцээн уралдаан гээд завгүй, санааны зоргоор гэртээ ч өнжих эрхгүй, өндөр ачаалал авч хөдөлмөрлөдөг, бас ч амаргүй ажил юм даа гэх бодол эрхгүй төрөв. Энэ жил олимптой байсныг ч хэлэх үү. Энэ бүх ачаа дарамт нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй байх. Юутай ч түүнийг Улаанбаатарт ирэх үеэр нь уулзаж амжив.
АВТОБУСААР ЗӨӨЛГӨЖ ЭХЭЛСЭН ИРЭЭДҮЙН ТАМИРЧНЫ ГАРАА
Ээжийнх нь дүүгийн нөхөр буюу нагацын талын хүргэн ах “Бундмааг бөх болгооч. Юу ч болсон шалгуулаад үзээч. Эмэгтэй хүүхдүүд бөхийн спортоор хичээллэдэг болсон” хэмээн аав ээжийг нь ятгаж, залуусын хэлдэгээр “шордсоны” хүчинд Бундмаа охин юутай ч Улаанбаатар явах “эрх авсан” нь 1997 оны хавар. Дээр дурдсанчлан зурагтаар л сониучирхан хардаг байсан зүйлтэйгээ нүүр тулах нь тэр. “Монгол охид” клубт анх 12 настай ирсэн байна. Ийнхүү охин бөх болохоор шийдэж, төрлийнхөө ах эгчийнд амьдарчээ. Бэлтгэлээ хийхийн тулд III, IV хорооллын эцэсээс Спортын төв ордон руу сар гаруй автобусаар зөөлгөсөн байна. Ээжийн дүү нар нь бүгд ирээдүйн тамирчныг нэг хэсэгтээ бэлтгэлд нь зөөх, хүргэх “үүрэг”-тэй болсон аж. Хотод анх хөл тавьсан хөдөөний хүүхэд юутай ч сар гаруйн дараачаас учраа олж эхэлжээ. Багш нар нь ч маш их дэмжсэн байна.
Хоёр жилийн дараа буюу 1999 онд анх гадагшаа тэмцээнд явахаар болов. Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат хоёр багш нь самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд авч явжээ. Тэр цагаас хойш М.Бундмаад “Би ер нь барилдаж болох юм байна” гэдэг итгэл найдвар төрж, олон улсын мундаг тамирчдыг харьцуулан харж, зарим нэг зүйлийг сурч нүд нээгдсэн байна. Өмнөд хөрш БНХАУ-ын Харбин хөгжлөөрөө улсдаа дээгүүрт ордог хот. Тухайн үедээ 14-хөн настай жаахан хүүхэд зарим зүйлийн учрыг олохгүй сатаарч балмагдаж байсан ч хоёр жилийн турш заалгасан, сурсан мэдсэн зүйлээ аль болох самбаачлан гаргахыг хичээсний эцэст хүрэл медальтай ирэв.
БАЙНГЫН БЭЛТГЭЛ Л АМЖИЛТЫН ҮНДЭС
Монголд тухайн үед эмэгтэй самбо, жудо бөх хараахан хүчээ аваагүй байсан ч дотооддоо зөндөө тэмцээн, уралдаан зохион байгуулдаг байжээ. Жудо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 1998 онд анх түрүүлчихээд алтан медалиа дагаж ирсэн 80 мянган төгрөгийг гурав хоногийн дотор найзуудтайгаа нийлж амттан авч идэж дуусгаж байсан гэхээр бас л томоогүй. Энэ нь тухайн үедээ их мөнгө байсан нь ойлгомжтой. Тэр үеийн цалингийн доод хэмжээнээс л лав илүү байсан болов уу. Энэ мэтээр гэнэн томоогүй жаал охин аав ээж, төрсөн гэрээсээ хол амжилтын төлөө ялж, ялагдаж сурсаар.
Медаль бүхэн хүч хөдөлмөр шингээж олддог ч хамгийн эгзэгтэй нь Токиод 2010 онд болсон жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авч байсан хүрэл медаль юм. Түүний өмнөх жил 2009 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах боломж байсан ч долоодугаар байранд орж байв. Дараа жил нь “шархаа нөхөж” хүрэл авсан байна. Тамирчны ялалт гэдэг эгзэгтэй агшинд их үнэ цэнээр ирж, медаль атгуулдаг. Олон жилийн бэлтгэл сургуулилтаар дадал болж суусан мэхнүүд санамсаргүй амжилтад хүргэдэг тохиолдол хаа нэг гарах ч үүнийг аз гэж хэлж боломгүй. Иймээс уйгагүй бэлтгэл сургуулилт тамирчин хүнд чухал гэдгийг 20 жил барилдсан тамирчин онцолж байна.
ОДОО БОЛ САМБО, ЖУДОГИЙН АЛЬ НЭГИЙГ СОНГОНО
Самбо бөх олимпын бус төрөл. Харин жудо бөх олимпын төрөлд багтдаг гэдгээрээ ялгардаг. Манай нийтлэлийн баатрыг ид барилдаж байхад самбо, жудо бөхийн дүрэм хоорондоо жаахан л ялгаатай байж. Тэр үед жудо хөлд орж болдог байв. Харин одоо, 2012 оноос байна уу даа гараараа хөлөнд хүрч болохгүй гэсэн дүрэмтэй болж өөрчлөгдсөн. Түүнээс хойш самбо, жудо хоёр нэлээд ялгаатай болжээ. Мөн түүнчлэн самбо бөхөөр хичээллэж байгаа хүн жудо бөхийн тэмцээнд оролцохгүй гэдэг олон улсын дүрэмтэй ч болж. Тиймээс одоо самбо, жудо бөхөөр хичээллэж байгаа тамирчин охид, бүсгүйчүүд аль нэг төрлөө л дагнадаг юм байна. М.Бундмаа гавьяат ч олимпын төрөлд багтдаг жудо бөхөө сонгож илүү давамгай хичээллэжээ. 2016 онд олимпын ранкан дотроо байсан ч дотоодын өрсөлдөөнд хүчтэй байсан А.Цолмон 52 кг-даа олимпод явжээ.
Их спорт яалт ч үгүй залуу насны ажил ч гэлээ жудо бөхийн төрөлд дэлхийн аварга болж байгаагүй ч 31, 32 настайдаа буюу бараг зодог тайлахаар болсон үедээ олимпын аварга болсон тамирчид хэд хэд байдаг. Тухайлбал, Аргентин, Солонгос улсаас ийм аваргууд олимпын үеэр төрж байв. Тиймээс тамирчин хүн нас насандаа тохирсон бэлтгэлийг ачаалал даах чадвартаа тааруулан зөв зохистой хуваариар хийж чадвал хэдэн насандаа ч амжилт гаргах боломжтой аж. Тухайлбал, 20-23 насны тамирчдыг бол бэлтгэлээр “нүддэг” байна. Цаашид энэ эрчээрээ л “урсдаг” учраас тэр аж. Харин 30 настнуудыг хэт их бэлтгэлээр “нүдвэл” сэргэлт нь удаан байдаг. Энэ мэтчилэнгээр дасгалжуулагчийн ажилд нарийн нандин зүйл олон ч улс орон болгонд бэлтгэлийн арга барил өөр байдаг юм байна.
ТАМИРЧИН ХҮН ДАРААГИЙН КАРЬЕРАА БОДОЖ ЯВАХ ЁСТОЙ
М.Бундмаа гавьяат барилдахаа болиод 2017 он хүртэл хийцгүйрэх маягтай явж үзсэн гэх. Сэтгэл зүйн хувьд ч хүндхэн талдаа, жаахан тиймхэн л байж. Ерөнхийдөө нэг паникт орсон маягтай. Тамирчид ид барилдаж байх үедээ буюу залуу насандаа тэр болгон сурч боловсрох цаг заваар хомс байдаг. Хичээлийнхээ хажуугаар байнгын бэлтгэлтэй. Заримдаа ч бэлтгэлийнхээ хажуугаар хичээлээ үзэх болно. Ихэвчлэн бүхий л цаг хугацаа, эрч хүч, залуу насаа их спортод зориулдаг. Барилдахаа болингуут юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй болж ирдэг. Гэв гэнэт л нэг их сул чөлөөтэй цаг гараад ирдэг. Тиймээс тамирчин хүн дараагийн карьераа бодож л явах ёстой юм билээ гэдгийг тэрбээр онцлов. Гэхдээ сүүлийн үед энэ чиглэлийн сургалт нэлээд олширчээ.
Тамирчны дараагийн карьер юу байх вэ, юу хийж чадах вэ гэх мэтээр сургалт явагддаг болсныг харин олзуурхаж байна. Түүний хувьд ийм сургалтад хамрагдах нь байтугай энэ талаар огт бодож яваагүй аж. Ер нь тамирчид дийлэнх нь гадагшаа гарч хар ажил хийдэг. Зарим нь дасгалжуулагчаар үргэлжлүүлэн спортдоо зүтгэдэг. Зарим нь сурах боломж олддог гээд хүн хүний заяа төөрөг өөр л дөө. Ийм л эргэлтийн цэг дээр буюу “Юу хийх вэ” гэж бодож явах үед нь буюу 2017 онд Хонгконгоос “Та дасгалжуулагч болох уу” гэдэг санал ирсэн байна. Ингээд Хонгконгийг зорьжээ. Эхэндээ амаргүй байсан ч Хонгконгийн жудо бөхийн дасгалжуулагчаар хоёр жил ажиллав. Ойр зуурын, ярианы англи хэлтэй ч бэлтгэлийн үед тамирчидтайгаа ойлголцоод л байх. Өмнөх өдөр нь “Би тэр тамирчинд ингэж хэлнэ”, “Түүнд үүнийг ингэж зааж өгнө” гээд л гүүгл транслейттай “найзална”. Тухайлбал, “Чи, энийг жаахан хурдтай хий”, “Тэг, ингэ” гээд л хайхаас л маргаашийн бэлтгэлийн ажил эхэлж байгаа юм. Бэлтгэл болгон дээр зааж хэлэх зүйлээ ингэж бичиж очно. Яваандаа англи хэлэндээ сайжирч, ойлголцох төвшин илүү болжээ. Хонкгонкийн жудо бөхийн дасгалжуулагчаар ийнхүү ажиллахдаа чамгүй амжилт гаргаж, зарим тэмцээнд түрүүлж, алтан медальд хүргэсэн байна.
ЭХ ОРНООС ИРСЭН “ДУУДЛАГА”
Монгол Улсаас 2019 онд “Шигшээ багт дасгалжуулагч хийгээч” гэдэг санал ирэв. Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл тэр хоёр Хонгконг руу хамт явсан юм. Хамтрагчтайгаа харилцан ярилцав. Нутаг буцах болсныг анхны шавь нартаа дуулгахад дурамжхан байна. Эргэлзэж байсан ч тэд эх орноосоо ирсэн “дуудлага”-ыг хүлээн авч, эргэж буцахаар шийджээ. Ирээд жудо бөхийн шигшээ багаа дасгалжуулав. Олимпын өмнөхөн учраас ажил ч оволзож эхэлсэн нь ойлгомжтой. Цаашид ирээдүйтэй тамирчид өдөр тутамдаа шигшээ багтай хамт бэлтгэл хийдэг учир нэг бэлтгэл дээр 60 гаруй хүн ирнэ. Энэ их хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын эцэст цөөн хэд нь л амжилтад хүрдэг. Юутай ч амжилтын буухиаг тасалж, олимпиос медальгүй ирж болохгүй гэж л зүтгэх. Үнэндээ хэлэхэд амархан ч хийхэд хэцүү.
М.Бундмаа гавьяатын хувьд Бээжин, Лондонгийн гээд хоёр олимпод оролцож байсан туршлагтай тамирчин. Ялангуяа Лондонгоос медаль авах боломжтой байсан ч олимп болохоос 20 гаруй хоногийн өмнө хөлөндөө бэртэл аваад чагтан холбоогоо тасалчихсан. Мөрөөдөлдөө хүрч чадааггүй ч дасгалжуулагчаар ажиллаж, их спортдоо үргэлжлүүлэн зүтгэхээр шийдсэн хүний хувьд бүхий л сэтгэл зүрхээ шигшээ багтаа зориулан ажиллав. Яг нэг жилийн дараа буюу 2020 онд олимп болох гээд байдаг. Ковидоос болоод олимп нэг жилээр хойшлов. Шигшээ баг зургаан багштай. Жин жингээр нь тамирчдаа хуваарилж аваад ажиллана. Тэрбээр хөнгөн жин буюу 48, 52 кг-ийн жингээ хариуцжээ. Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 2021 онд Токиогийн олимпиос хүрэл медаль хүртэв. М.Бундмаа гавьяатыг ид барилдаж байх үед хуурай дүү нь байсан ч дасгалжуулагч хүн ямар байх ёстой вэ гэдгийг сургаж өгсөн хүний нэг гэж тэрбээр боддог юм байна. Уг нь тэд тэмцээн уралдаанд явахдаа нэг өрөөнд ордог эгч дүүс шиг дотно байв. Гэтэл хувь заяаны тохиолоор багш дасгалжуулагч нь болох. Ингээд 2021 оноос хойш тамирчидтайгаа ингэж ажиллах ёстой юм байна гэдэг туршлагатай болж ирэв. Өөрийгөө дасгалжуулагчийн хувьд ч хөгжүүлэв. Өөрийн гэсэн арга барилаа олоход энэ нь ихээхэн нэмэртэй гэж үзсэндээ тэр.
48 КГ БОЛ МАШ ИХ ӨРСӨЛДӨӨНТЭЙ, УНДАРГА ИХТЭЙ ЖИН
Тамирчин хүн хувь амжилтын төлөө хичээдэг бол дасгалжуулагчийн ажил бол тамирчин бүрийн онцлогийг олж харах нь их чухал аж. Зан характер, бие бялдар, сэтгэл санааны хувьд ямар хүн бэ гэдгийг дасгалжуулагч байнга мэдэрч тамирчидтайгаа харьцдаг. Тэр бүхэнд тааруулж харилцах, ажиллах болно. Энэ мэтийн бүх судалгааг хийж байгаа нь амжилтын төлөө юм. Тэрбээр “Зөвхөн тамирчин ч биш дасгалжуулагч ч гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Тамирчин хүн дасгалжуулагчаа дагаж сэтгэл хөөрнө. Тийм учраас би тэмцээний өмнө бясалгал хийдэг зуршилтай болсон” хэмээн өөрийн баримталдаг зарчмаас хуваалцав. Гэхдээ энэ бүгдийг шууд сурчихдаггүй аж. Анх дасгалжуулагч болсныхоо дараа тэмцээний өглөө маш их нервтэж, өөрийн эрхгүй стресст өртөж, санаа зовоод байдаг байж. Хоол ч идэж чадахгүй “Тэр маань яачих бол”, “Энэ маань яаж барилдах бол”, “Хэн нь яачих бол” гээд санаа зовоод унтаж ч чадахгүй. Гэтэл энэ жилийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр их тайван байжээ. Тэрбээр энэ тухайд “Ер нь бэлтгэл сайн хийсэн байхад л тэмцээн амархан шүү дээ. Багш дасгалжуулагч хүн бэлтгэлийн үеэр л бүгдийг анзаарч ажилладаг. Түүнээс биш тэмцээн дээр очоод л гэв гэнэт баахан зөвлөгөөгөөр булаад л тамирчнаа сатааруулаад байж болохгүй. Бэлтгэл дээр л бүх хүчээ шавхан хөдөлмөрлөнө шүү дээ. Ялангуяа олимпын уур амьсгал хүнийг паникт оруулдаг. Ийш тийшээ сатаарах зүйл ч ихтэй. Тэр бүгдийг аль болох урьдчилан сануулж хэлж зөвлөдөг. Тиймээс би шавь нартаа барилдаандаа л төвлөрөхийг байнга сануулдаг. Ялангуяа, 48 кг-ийн жинд бол маш их өрсөлдөөнтэй, ундарга ихтэй жин” гэв.
Түүний шавь нарын нэг Б.Баасанхүү энэ удаагийн олимпоос мөнгөн медаль хүртэж монголчуудаа баярлуулсан. Анх 2021 оны намраас жудо бөхийн шигшээ баг дээр ирж бэлтгэл хийж эхэлжээ. М.Бундмаа гавьяат “Анх харахад л их нүүрний буянтай охин санагдсан. Их шийдэмгий зан чанартай. Ерөөсөө өөртөө эргэлзэхгүй. Дэвжээн дээр гараад ч яг ингэж л барилддаг. Хүмүүс Б.Баасанхүүгийн барилдааны онцлогийг их асуугаад байдаг. Би хувьдаа өөрийнх нь зан характерын онцлогтой холбоотой гэж боддог. Шийдсэн л бол эргэж буцаж, эргэлзэлгүй шууд л хийдэг. Мөн маш их эрэлч хайгуулч. Тамирчид багш дасгалжуулагч нараасаа нэг их зүйл асуугаад байдаггүй. Харин Б.Баасанхүүгийн хувьд маш их зүйлийг асуудаг. Харилцаа үүсгэж, ярилцахыг их хүсдэг. Энэ нь маш чухал. Тамирчин хүн багш дасгалжуулагчтайгаа сайн харилцаж, ярилцаж ойлголцсоноор амжилт гаргана. Гэтэл зарим хүн хүндлээд ч юм уу, сүрдээд ч юм уу багш, дасгалжуулагчаасаа цэрвээд байдаг. Ингэх хэрэггүй. Зарим хүн хэт зөөлөн байгаад байдаг. Энэ нь ч бас эрсдэлтэй шүү дээ. Ер нь тамирчин хүн ямар ч характергүй бол барилдаж чадахгүй. Барилдаж чадахгүй байхад яаж амжилт гаргах вэ” гэв.
ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ МЕССЕЖ: БАГШ АА, ТҮРҮҮЛЧИХЛЭЭ. БАЯРЛАЛАА
Тэрбээр Хонкгонкоос ирснийхээ дараа гэр бүл зохиожээ. Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл одоо хамтран ажиллагч биш хань ижил нь болсон байна. М.Бундмаа гавьяат “Би ид барилдаж байхдаа найз залууд зарцуулах цаг надад байхгүй гэж боддог. Их хатуу зарчимтай байлаа. Харин одоо тамирчин охиддоо “Та нар найз залуутай болж болно. Харин хэзээ ч битгий нуугаарай” гэж зарьдаг. Яагаад гэвэл хэт хатуу зарчимтай явбал тамирчин хүний гэр бүл зохиох нь хойшлоод л байдаг юм билээ. Гэхдээ бэлтгэлдээ ирэхгүй, эсвэл багш дасгалжуулагч, найз нараасаа хөндийрөөд эхэлбэл тамирчин хүнд ямар олиг байх вэ. Тэр хэрээр амжилт гаргах хугацаа хойшлоод л байна гэсэн үг. Найз залуудаа иймэрхүү байдлаар уруу татагдаж болохгүй. Түүнээс биш үерхэж нөхөрлөж болохгүй гэж огт хорихгүй. Гэтэл тамирчин охид багш дасгалжуулагчаасаа эмээгээд нуусаар байгаад хэдийнээ жил болчихсон хойноо найз залуугаа танилцуулж байх жишээний” хэмээн “гомдол мэдүүлэв”.
Ийм л “гомдол”, баяр дундуур буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн аваргад Б.Баасанхүүг түрүүлэхэд нь магнай хагартлаа баярлажээ. Хоёр ч тэмцээнд явж ирээд хэт ядарчих гээд байхаар нь чөлөө аваад сувилалд хэд хоног хэвтсэн байна. Утас, цахим орчноос хол байж, тархиа амраая гэсэн ч орой нь тэсэлгүй асааж харна. Гэтэл шавиас нь “Багш аа, түрүүлчихлээ. Баярлалаа” гэдэг цахим шуудан ирсэн байв. Б.Баасанхүүгийн хувьд олон улсын тэмцээнээс авсан анхны алтан медаль учраас өөрийн эрхгүй огшиж, баяр төрөөд байж. Түүнээс хойш шавийнхаа “нар гарсан” итгэлийг нууцхан тээж, аль болох тайван байхыг хичээж байв. Өмнө нь энэ мэдрэмж Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг дээр ч төрж байсан гэх. Хүнийг эцэг эхийн дараа хамгийн сайн мэддэг хүн бол багш байдаг учир арга ч үгүй биз. Нөгөөтэйгүүр, шавийн эрдэм багшаасаа ч гэдэг дээ.
Тэрбээр, ярилцлагын төгсгөлд самбаачлан “Энэ ташрамд би нэг хүнд танай сониноор дамжуулан талархлын зурвас дайж болох уу. 2008 оноос хойшхи Монголын жудо бөхийн хөгжил, ололт амжилт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай салшгүй холбоотой. Энэ хүнд л үе үеийн бүх тамирчныхаа өмнөөс баярлаж талархаж явдагаа хэлмээр санагддаг. Яагаад гэвэл би өөрөө “Замын голоор алхах дургүй” учир тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярицлага өгөөд байдаггүй. Тэгээд ч тэр үү ингэж хэлэх боломж огт гарч байгаагүй. Энэ ташрамд, Х.Баттулга Ерөнхийлөгчдөө талархаж явдаг гэдгээ танай сониноор дамжуулан хэлье. Манай жудогийнхон олимпиос 12 медальтай. Энэ амжилт тасралгүй үргэржилсээр байгаа нь эрхэм Ерөнхийлөгчтэй салшгүй холбоотой юм. Тэр болгон таарч үүнийг хэлэх боломж бидэнд байхгүй шүү дээ. Магадгүй танай сониныг уншина байх” гэсэн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )