Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Админ | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихээр бизнесээ эрхлэн явуулахад дутагдаж буй ур чадвар, санхүүгийн болон санхүүгийн бус хэрэгцээ шаардлагуудыг судлан тодорхойлж, түүнд үндэслэн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан 2020 оноос хэрэгжүүлж буй билээ.

Уг хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг хувь хүн талаас нь хөгжүүлэх, манлайлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн цар хүрээг нь тэлж, зах зээл эзлэлтээ өсгөх, үр ашгаа өндөр байлгахад нь бодитоор дэмжин ажиллаж, өнөөг хүртэл 1370 эмэгтэй бизнес эрхлэгчийг чадавхжуулаад байна.

Бизнесийн салбар дахь эмэгтэй манлайлагчдыг төрүүлэх зорилготой “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-т 2024 онд нэмэлтээр 350 эмэгтэй захирал, удирдлагуудыг хамруулах бөгөөд 2024.09.05-2024.09.26-ны хооронд ЖДБ-ийн академи, “OBSERVE Consulting Mongolia” болон бусад зөвлөх үйлчилгээний байгууллагын мэргэшсэн багш нар сургалтыг удирдан явуулна.

Хувь хүний хөгжил болоод бизнесийн удирдлага гэсэн үндсэн хоёр агуулгын хүрээнд сургалт явагдах тул тасралтгүй хөгжиж, бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэй бизнес эрхлэгчдийг 2024 оны 9-р сарын 3-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг урьж байна.

Хувь хүний хөгжил:
 

  • Амьдрах стратеги
  • Коучинг хийх чадвар
  • Багийг удирдах нь, манлайллын ур чадвар
  • Хоол хүнсний хүний биед гүйцэтгэх үүрэг, хооллолтын дэглэмүүд илчлэг тооцох аргууд


Бизнесийн удирдлага:
 

  • Бизнес төлөвлөлт ба гүйцэтгэлийн удирдлага
  • Процест суурилсан менежмент
  • Санхүүгийн тайланг унших, шинжилгээ хийх нь
  • Хэрэглэгч, харилцагчийн менежмент

 

Хөтөлбөрт оролцогч нь байгууллагын захирал эсвэл удирдах албан тушаалтан байх ба байгууллагын хүний нөөцийн талаас илүү хувь нь эмэгтэй ажилтантай байх, цагаа зориулан сургалтад бүрэн хамрагдах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа болно.

Хугацаа: 2024.09.05-09.26-нд долоо хоног бүрийн пүрэв гарагт 09:30-13:00 цагийн хооронд (4 долоо хоног үргэлжилнэ) 

Байршил: СБД, Хүүхдийн 100, ХААН Банкны Сөүл оффис, 3 давхар, Жижиг дунд бизнесийн академи


Бүртгэл: 2023.09.03-ны дотор доорх линкээр бүртгүүлээрэй.
Линк:  https://survey.zohopublic.com/zs/XrBUNS

 


Хөтөлбөрийн тухай товч мэдээлэл

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-өөр дамжуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн удирдлагын манлайлал, хувь хүний хөгжил, бизнес эрхлэх ур чадварыг нь хөгжүүлээд зогсохгүй нэтворкинг арга хэмжээнүүдэд оролцуулан банкны шинэ тутам бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, бизнесийн цар хүрээг нь тэлэх, түншлэлийг бий болгох, брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд таниулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, бизнесээ дараагийн түвшинд гаргахад нь бодит дэмжлэг үзүүлсээр байна.

2024 онд Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээлийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесээ цахимжуулах, цахим технологид суурилсан борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Яагаад эмэгтэй бизнес эрхлэгчид гэж?

Эмэгтэй бизнес эрхлэгчид бизнесийн салбарт өндөр амжилт гаргахад ямар хүндрэл бэрхшээлүүд тэдэнд тулгардаг талаар ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас судалгаа явуулж дараах голлох шалтгаан, нөхцөлүүдийг тодорхойлон гаргасан байдаг.

Үүнд:
 

  • Дийлэнх эмэгтэй бизнес эрхлэгчид хувийн болон албаны санхүүгээ хэрхэн ялгах, санхүүжилт хэрхэн хүсэх, бизнесээ өргөжүүлэхэд юу шаардлагатай талаар мэдлэг мэдээлэл дутмаг
  • Ихэвчлэн өрхийн бизнесээр үйл ажиллагаагаа эхлүүлдэг тул бизнесийн менежментийн мэдлэг бага
  • Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх тал дээр өөртөө итгэх итгэл сул
  • Гэр бүл, бизнесийн асуудлуудтай зэрэгцэн өөрийгөө хөгжүүлж, карьераа төлөвлөх хэрэгцээгээ орхигдуулсан зэрэг асуудалд шийдэл олоход нь дэмжлэг үзүүлж, санхүүгийн бус зөвлөх үйлчилгээ, сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.


Эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн санхүүгийн боломжууд
 

ХААН Банк нь жендэрийн санхүүжилтийн хүрээнд эх үүсвэр татан төвлөрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл, санхүүгийн хэрэгцээ шаардлагыг тогтвортой ханган ажиллаж байна. 

2024 онд Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээлийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлэх болсон ба бизнесийн үйл ажиллагаагаа цахимжуулах буюу программ хангамж, техник хангамжийн шийдлүүдээс суурилуулан ашиг орлогоо нэмэгдүүлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг санал болгож байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top