“Хувьсал”-ынхан ээлжит уран бүтээлээ өлгийдөж аваад удаагүй байна. Саяхан нээлтээ хийсэн “Хувь заяа” уран сайхны кинонд нь Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ “гэнэтийн бэлэг” барьсан нь оюуны хулгай болж таарав. Гэсэн ч “Хувьсал” продакшны зүгээс өнөөг хүртэл ам нээсэнгүй. Олон нийт тэр чигээрээ “хувьсал”-ынхныг хулгайчид гэж харж, дүгнэх болов. Арга ч үгүй, тэд өмнө нь ч гэсэн бусдын оюуны бүтээлийг “хулгайлсан” хэрэгт холбогдож, дуулиан тарьж байлаа. “Шүгэл үлээсэн” Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ хангалттай тайлбар өгчихсөн. Харин “Хувьсал” продакшныхан албан ёсны тайлбар хийгээгүй тул тэднээс ам асуух олон шалтгааны нэг нь энэ байлаа. Бид нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа “ХУВЬ ЗАЯА” уран сайхны киноны зохиолыг бичиж, Ерөнхий найруулагчаар нь ажилласан Г.Бямбасүрэнтэй холбогдож, ярилцлага авах хүсэлтээ байгаагаа уламжилсан юм. Тэр огт цааргалсангүй хүлээж авав. Магадгүй түүнд ярилцлага өгөхөөс татгалзахгүй байх шалтгаан ч бас байсан биз. Ингээд энэ удаагийнхаа “Өглөөний зочин”-оор “Хувьсал” продакшны зохиолч, найруулагч, жүжигчин Ганбатын Бямбасүрэнг урьж, ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө урилга хүлээж авсанд баярлалаа. Уншигчдын хувьд та их сонин, содон зочин байх нь гарцаагүй?
-Урьсанд баярлалаа. “Өглөөний сонин”-ы нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
-Ярилцлагаа “Хувьсал” продакшны шинэ уран бүтээлээс эхлэх нь зөв байх. Киногоо нээж, үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байна. Та зохиолыг нь бичиж, Ерөнхий найруулагчаар нь ажилласан. Найруулагчийн ажил хэр хүнд, сонирхолтой байх юм бэ?
-“Хувь заяа” уран сайхны кино бол “Хувьсал” продакшны найм дахь уран бүтээл юм. Миний хувьд анхны дебютээ хийлээ. Киноныхоо Ерөнхий найруулагчаар нь ажиллалаа. Мэдээж амар байгаагүй.
-Ямар мэдрэмж авав?
-Үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж. Өмнө нь авч, мэдэрч байгаагүй цоо шинэ мэдрэмж байлаа.
-Та өмнөх уран бүтээлүүддээ дандаа туслах найруулагчаар ажилласан байх аа?
-Тийм ээ, би “Хувьсал” продакшныхаа долоон уран бүтээлийн тавд нь найруулагчийн багт ажилласан.
-Ерөнхий найруулагчийн хувьд киногоороо дамжуулж үзэгчдэд ямар мессеж өгөхийг зорив?
-Манай киног маш нарийн ажиглаж, анхаарч үзэх юм бол хэлэх гэсэн санаа маань сцен болгонд шингэсэн. Эх хүн, эх хүний сэтгэлийн тухай л өгүүлнэ. Тэр дундаа хойд эхийн тухай кино юм. Хойд эхийг эерэг талаас нь харуулж, гаргахыг хичээлээ. Заавал төрсөнийг ээж гэдэггүй. Чин сэтгэлээсээ хайрлаж чадсаныг нь л ээж гэдэг шүү дээ. Хойд эхээр төлөөлүүлсэн л болохоос ерөөсөө л хүн хүнээ хайрлах тухай юм.
-Та ярилцлагынхаа эхэнд “Ерөнхий найруулагчаар ажиллахад амаргүй байлаа” гэж хэллээ шүү дээ?
-Уг нь, өмнө хараад л, ажиглаад л, олон хүнээс суралцаад л байсан. Өөртөө тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Гэхдээ яг цаг нь тулаад ирэхээр хүнд зөндөө л мэдэхгүй зүйл, саад бэрхшээл гардаг юм билээ.
Эхэндээ учраа олохгүй тохиолдол гарч л байсан. Тэр бүхнийг кино баг хамт олныхоо хүчээр давж гарсан. Тэд маань их туршлагатай хүмүүс. Тэгээд ч кино урлаг хамтын бүтээл байдаг. Энэ ч утгаараа бие биенээ дэмжиж, бие биетэйгээ уялдаж ажилласан. Кино маань ч гоё бүтсэн. Харин Ерөнхий найруулагчийн хувьд кинондоо шинэ өнгө төрх, шинэ уур амьсгал оруулахыг их хичээсэн.
-Та кинонд тоглох уран бүтээлч, жүжигчдээ өөрөө сонгосон уу, эсвэл хамт олноороо ярилцаж байж шийдэв үү?
-Голлох хүмүүс оролцож, дүрээ сонгодог. Гэхдээ найруулагчийн сонголт эцсийн шатанд хамгийн чухал нь. Ээжийн дүр тодорхой байсан. Би ээжийн дүрийг Урнаа эгчид зориулж бичсэн. Бичихдээ хүртэл бодож, төсөөлж, тооцоолсон гэх үү дээ. Аавын дүрийг сонгохдоо продюсертэйгээ зөвлөлдсөн. Маш олон эрэгтэй жүжигчнээс шилж, бодож сонгосон. Олон сонголт дундаас Заанаа ахыгаа сонгосон. Найруулагчийн хувьд Заанаа ахыг өөр өнцгөөс харуулахыг зорьсон. Харин гол дүрийн охин болон туслах дүрд тоглосон хоёр хүүхдийг сонгон шалгаруулалтаар авсан. Бараг 1000-аад хүүхдээс сонгож авсан шүү.
-Тэр олон хүүхдээс яг хүссэн царай төрх, санаанд таарсан авьяастайг нь сонгох хэцүү биз дээ?
-Сонгон шалгаруулалтыг бүтэн хоёр өдөр явуулсан. Манай ажлын газар хүүхдээр дүүрч, нэлээн юм болсон доо. Айлын хүүхдүүдийг уйлуулж нэг, инээлгэж нэг, дуулуулж нэг үзэж байгаа юм. Хүүхдүүд чинь эмзэг шүү дээ. Их зүйл болсон. Эцэг, эх нь гомдоллоно.
-Яасан гэж тэр вэ?
-Хүүхдийнх нь авьяасыг яг тултал нь үзэж чадсангүй гэх зэргээр гомдоллоно шүү дээ. Зөндөө л юм болж байж гурван хүүхдээ олж авсан. Үнэхээр байгалийн өгөгдөлтэй, авьяаслаг хүүхдүүдийг сонгож авсандаа баяртай байна.
-Үнэхээр л жүжигчин Д.Эрдэнэзааныг өөр дүрээр харуулсан байна билээ. Гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй их сайхан хоршиж байгаа харагдсан шүү?
-Баярлалаа. Эхнэргүй, хүүхэдтэйгээ олон жил болсон, амьдралаа чирж яваа аавын дүр юм. Надад Заанаа ахыг сонгоход ноён нуруутай, харагдах байдал болон юмыг тунгааж бодож байгаа зэрэг нэг тийм төсөөлөл байсан. Яг тэр төсөөллөөрөө эцсийн байдлаар Заанаа ах дээр л тогтсондоо баяртай байна.
-Киноны Ерөнхй найруулагчаар ажиллахаас гадна зохиолыг нь бичсэн. Өмнө нь, “Ноён эмэгтэй” уран сайхны киноныхоо зохиолыг бичсэн санагдаж байна?
-Тэгсэн. Ер нь, зохиол бичих хугацаа өгдөг юм. Ойролцоогоор жилийн хугацаа тавьдаг. Тэр дунд судалгаа, нарийн тооцооллыг хийнэ. Тийм амар зүйл ч биш л дээ. Жишээ нь, “Ноён эмэгтэй” бол хорих анги, хоригдолтой кино шүү дээ. Маш их судалгаа хийсэн. Харин энэ удаагийн кинондоо ингэ хөөслөх ёсыг шигтгэж өгсөн. Ингэснээрээ мартагдах шахсан, дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц, нандин өв соёлоо сурталчилж байгаа юм. Бид хойч үедээ өв соёлоо сурталчлах үүрэгтэй хүмүүс. Тэр утгаараа мартагдах шахсан өв соёлоо шингээж өгсөн. Түүнийгээ эх хүний сэтгэлтэй уяхыг хичээсэн гэх үү дээ.
-Зураг авалт хаана хийгдэв, хэр хугацаанд үргэлжилсэн бэ?
-Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн. Зураг авалт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багт авагдсан. Хүний хөл хүрдэггүй, тэр болгон хүрч очоод байдаггүй онгон, дагшин байгальтай газрыг сонгож, маш зоригтой зураг авалтаа хийж дуусгасан.
-Өөрөөр хэлбэл, кино зохиолоо бичиж байхдаа зураг авалт хийх газраа сонгочихсон байсан уу, эсвэл?
-Зохиолоо бичиж байхдаа зургийн найруулагчтайгаа холбоотой, уялдаж ажилласан. Зураг авалтын шийдэл нь ямар байх вэ гэдгээс эхлээд хоорондоо маш сайн ярилцсан. Зургийн даргатайгаа зураг авалт эхлэхээс хоёр сарын өмнө зураг авах газраа үзэж, сонгодог юм. Бүх уран бүтээлчид л тэгдэг, тэр зарчмаар л явсан. Ойрхоноор нь Элсэнтасархай ч юм уу, Хонгорын элс дээр зураг авалтаа хийж болох л байсан.
-Надад ч бас тэгж санагдаж байна л даа?
-Гэхдээ зургийн найруулагч маань маш чанга хүн. Яг л дүрслэлээ ингэж л гаргана гээд төсөөлчихсөн бол тэрийгээ л хийнэ. Найруулагчийн хувьд ч гэсэн би тэр газрыг нь очоод харахад үнэхээр хоолой зангирмаар болсон. Манай Монгол ямар ч гоё байгальтай гэж санана. Бид элсэн манхан дунд гол үйл явдал өрнөж байгаа гэрээ барьсан. Тэнд чинь гэр барихад машин тэрэг явахгүй, байнга элсэнд сууна гээд л бэрхшээл их. Нэлээн хүнд нөхцөлд зураг авалт явагдаж, уран бүтээлийнхээ ард гарцгаасан даа.
-Нууц биш бол хэдэн сая төгрөгийн өртгөөр бүтсэн бэ?
-Манай “Хувьсал” продакш уран бүтээлээ л чанартай хийхийг зорьдог. Энэ кино маань маш өндөр зардалтай бүтсэн.
-Төр, засгаас дэмжлэг авсан уу. Учир нь, нэг үеэ бодоход урлаг соёлын салбар өөрийн гэсэн яамтай болсон шүү дээ?
-Кино маань онцлогтой гэж хэлсэн. Монгол ахуйтай, Монголын өв соёлыг сурталчилсан. Энэ ч утгаара бид зүгээр суугаагүй. Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс зарласан төслийн шалгаруулалтад орсон, шалгарсан. Тодорхой хэмжээний дэмжлэг, туслалцаа авч байгаа. Учир нь, юуны тулд өв соёлоо шингээж, үзэсгэлэнт Монгол ахуйгаа харуулсан билээ. Болж өгвөл тал талаас нь дэмжиж, гадныханд эх орноо суртачлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулмаар байна. Одоо гадагш киногоо гаргах тал дээр ажиллаж байна, гадагшаагаа сорьж үзэх зорилготой байна.
-Киноны амин сүнс нь дуу байдаг шиг ээ. Киноны дуу цацагдахтай зэрэгцээд нэг шуугиан дэгдсэн. Та ч мэдэж байгаа байх?
-Тийм ээ.
-Үнэхээр Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ гуайн яриад байгаа шиг дууг нь “хулгайлчихсан” хэрэг үү?
-Бид оюуны өмчийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй. Учир нь, манай продакшны хувьд өмнө нь нэг удаа асуудалд холбогдож байсан. Энэ ч утгаараа бусдын оюуны бүтээлд маш болгоомжтой, хашир ханддаг. Нөгөө талаараа бид өөрсдөө ч оюуны бүтээл хийж байгаа уран бүтээлчид шүү дээ. Хүндэтгэлтэй хандахаас ч өөр аргагүй. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
-Юуг тэр вэ?
-Ямар ч уран бүтээлд зохиогч болон зохиогчийн эрхийг эзэмшиж байгаа хүмүүс нь давуу эрхтэй байдаг. Бид хуулийн хүрээнд бүх талаас нь судалж үзсэн. Маш сайн нягталж байж зохиогчидтой нь гэрээ байгуулсан. Дараа нь киноныхоо дууг олон нийтэд цацсан. Харин хувь уран бүтээлчийн эрх ашиг анхнаасаа ямар байсан нь их сонин.
-Та Ш.Чимэдцэеэ гуайг хэлж байна уу?
-Бид тэр хүнийг хүндэлж, хүндэтгэж байгаа. Нэртэй дуучныг хүндлэхгүй байж болохгүй. Бид чинь хүн шүү дээ. Киноныхоо нээлтэд хүртэл хүндэтгэж зарласан. Нээлт болохоос өмнө, дууг цацахаас өмнө ч өөртэй нь холбогдсон.
-Үнэхээр холбогдсон гэж үү?
-Тийм ээ, холбогдолгүй яах вэ дээ.
-Тухайн үед Ш.Чимэдцэеэ гуай юу гэж ярьж, хэлж байсан юм бол?
-Манай продюсер холбогдсон. Яг холбогдоход тэр хүн юу гэж ярьсныг нь хэлэх юм бол эсрэгээр нь тэр хүнийг бүр хэцүү байдалд оруулна. Тиймээс тухайн уран бүтээлчийг хүндлээд бид өнөөг хүртэл чимээгүй байгаад байгаа юм. Үнэндээ аливааг үргэлжүүлэх хүсэлтэй залуу уран бүтээлчийн өнцгөөс хүлээж авахад үнэхээр онцгүй, гайхширмаар сэтгэгдэл төрснөө би нуухгүй ээ.
-Би хувьдаа “Хүмүүний нэгэн урсгал” дууны оюуны өмчийн эрх Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэд байгаа гэж ойлгосон. Гэтэл та огт өөр зүйл ярьж байна. Тэгэхээр энэ дууны оюуны өмчийн эрх нь яг хэнд хадгалагддаг гэсэн үг вэ?
-Үг зохиогч, ая зохиогч хоёр дээр нь байдаг юм билээ. Гурвалсан гэрээ гэдэг зүйл яриад байгаа юм. Түүнийг нь бид Оюуны өмчийн газар очиж судалж, тодруулсан. Бидэнд ямар ч хууль зөрчсөн, хулгай хийсэн зүйл байхгүй. Хуулиаараа ч, хүнээрээ ч ярьсан дууг ганцхан дуучин эзэмших ёсгүй. Тийм ёс хаана ч байхгүй. Манайд л дуучны өмч юм шиг ойлгодог. Дуучид л үр шимийг нь хүртээд яваад байдаг.
Яг үнэндээ тэр дууны ая, үгийг зохиосон эрхмүүд байхгүй бол дуу байхгүй шүү дээ. Зохиогчид бол хамгийн чухал амин сүнс нь гэдгийг хүмүүс ойлгох цаг нь болсон. Ямар гайхалтай аялгууг бий болгосон байна. Ямар бахтмаар хүн бүрт гайхуулмаар үгсийг тэрлэсэн байна. Тэр хүмүүс ч гэсэн хийж, бүтээсэн зүйлийхээ үр шимийг хүртэх эрхтэй. Дуу нь мөнхөд үргэлжилж, хүмүүсийн сэтгэлд нь хоногшиж, тэр хэрээр сонсогчид амандаа аялаад явж байвал хичнээн сайхан билээ дээ.
-Тэгвэл ядаж тэр дууг нь шинэчилсэн хэлбэрээр өөрөөр нь дахин дуулуулж болоогүй юм уу?
-Ер нь, хэвшмэл болчихсон зүйлийг эвдэх их чухал байдаг. Бидэнд тийм зориг байх ёстой. Бүх зүйл өөрчлөгддөг чанартай шүү дээ. Нэг удаа яагаад өөр өнцгөөс харж болохгүй гэж. Х.Мөнгөнцэцэгийн хувийн амьдрал хэнд ч хамаагүй. Уран бүтээлч талаас нь харах, хандах хэрэгтэй. Бид ч уран бүтээлч гэдэг талаас нь хандсан. Дээр нь, найруулагчийн хувьд хэлэхэд кино маань өөрийн гэсэн өнгө, төрхтэй. Энэ дууг энэ хүн л дуулсан болохоор тэр хүнээр нь л дуулуулна гээд кинондоо хүчээр наачихаж болохгүй биз дээ.
-Тэр ч тийм шүү?
-Тэгэхээр киноныхоо өнгө аятай тааруулж, нийцүүлж дуучнаа сонгоно. Хоолойны өнгөнөөс эхлүүлээд дууны нюанс зэрэг олон зүйлийг тооцоолно. Энэ мэтээр уран бүтээлээ бодсон нарийн төлөвлөгөөнүүд байдаг гэдгийг олон нийт даанч сайн ойлгохгүй байна л даа.
-Ингэхэд кинондоо зориулж шинэ дуу гаргаж болоогүй хэрэг үү. Яагаад заавал “Хүмүүний нэгэн урсгал” дууг сонгосон юм бэ?
-Би энд гурван зүйлийг дурдмаар байна. Зохицол, хамтрал, шийдэл. Манай киног үзэх юм бол ингэ хөөслөх ёсноос авахуулаад Монгол ахуй, үзэсгэлэнт байгаль гээд дандаа бидэнтэй ойрхон, дурсамж сэдрээсэн, мэдрүүлсэн, бидний мэддэг хэр нь мартагдах шахсан зүйлс гарч байгаа юм. Тэр мэдрэмжийг үзэгчдэд өгөх нь маш чухал. Яг үүнтэй адилхан энэ дууг сонгосон шалтгаан нь хүмүүсийн мэдэрч байгаа мэдрэмжийг эргүүлж авч ирэх, ойр зүйлийг нь эргэн сануулах, танил мэдрэмжийг өгөх зорилго байна шүү дээ.
-Энэ дуулиан шуугиан, маргаан одоо ямар шатандаа яваа юм бэ. Цаашид үйл явдал яаж өрнөнө гэсэн үг вэ?
-Өөрөө мэдэгдэл хийсэн байна билээ. Яаж ч бодсон, бид өөрсдөө бүтээл хийдэг хүмүүс. Адилхан уран бүтээлч, бас ахмад хүнийг хүндлэхгүй байна гэж байх уу. Дахин хэлэхэд, энэ хэн нэгэнд цагаан хадаг барьж хүндлэх, хүндлэхгүйн тухай асуудал болоод байгаадаа ч биш. Хэн ямар эрх ашигтай байна, хэн юу хүсээд байна гэдэгт л гол учир нь байгаа гэж дүгнэж байна.
-Нэг үеэ бодоход олон нийт үнэн зөвийг ялгаж салгадаг болчихсон нь анзаарагддаг. Одоохондоо иргэд “хувьсал”-ыг л Ш.Чимэдцэеэ гуайн дууг “хулгайлчихсан” гэж харж, ярьж байгаа болохоос. Тийм ойлголттой олон хүн байна шүү дээ?
-Тийм. Бид зүгээр очоод булаагаад авчихсан юм шиг л ойлголт яваад байна. Гэтэл цаана нь олон нарийн асуудал бий шүү дээ. Тэр болгоныг тайлбарлах албагүй, тийм ч зав алга.
-Гэхдээ тайлбар хийхгүй, чимээгүй байх нь хэр оновчтой шийдэл гэж бодож байна?
-Би ингэж бодож байна. Бид бол уран бүтээлчид. Хийж байгаа зүйлдээ бүтээлчээр ханддаг байх ёстой. Хийсэн зүйлээ үлдээж, уламжлуулах ёстой. Бас хамгийн чухал нь мэргэжлийн түвшинд ажиллах ёстой. Түүнээс уянгийн халилаар хандах ёсгүй. Энэ нь л өөрөө бусдад хандаж байгаа хүндлэл, ёс зүй гэж бодож байна. Оюуны өмчийн хувьд бид асуудалтай зүйл хийгээгүй. Хууль зөрчөөгүй. Хэн нэгэн хүний уран бүтээлчийн бүтээлийг гэрт нь очиж хулгайлаагүй. Үнэн юм үнэнээрээ сайхан. Тэртээ тэргүй цаг хугацаа бүгдийг нь хэлээд өгнө.
-Цаг хугацаа хэлээд өгнө гэдэг ч үнэн шүү. Тэгвэл энэ сэдвийг цаг хугацаанд даатгаад орхилоо. Та ч хангалттай тайлбар өгөх шиг боллоо. Одоо хувийн чанартай хэдэн зүйл асууж болох уу?
-Болно оо.
-Та “Хувьсал” продакшнд ажиллаад хэр удаж байгаа билээ?
-Одоо 11 дэх жилдээ ажиллаж байна.
-Өмнө нь ямар нэгэн газарт ажиллаж байл уу. Их сургуулиа төгсөөд л “Хувьсал” продакшндаа ирсэн үү?
-Өөр газар ажиллаж байгаагүй. Төгсөөд л “Хувьсал”-даа ирсэн.
-Тухайлбал, манай хэвлэл мэдээллийн салбарт нэг газар, нэг байгууллагад таван жил ажилласан хүнийг ажлаа сольж үзэхийг зөвлөдөг. Яагаад ч юм мэдэхгүй, тэр нь ч үнэн байдаг. Хүн ажлаа, орчноо солихоор юмыг арай өөрөөр харж эхэлдэг шиг ээ. Танд продакшнаа солих бодол бий юу. Нэг газраа өнөөдрийг хүртэл удаан ажиллахад танд юу тэгж их нөлөөлөв өө?
-Боломж. Би бол боломж л гэж хэлнэ. Таны асуусан зүйлд хариулахад хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах байх аа. Би энийг л хийдэг юм чинь энийг л хийнэ гээд байгаад байж болохгүй. Тэгвэл ёстой жинхнээсээ хайрцаглагдана, хөгжихгүй. Манай продакшны хувьд хийж чадаж байвал боломжийг олгож байдаг. Биднийг зөвхөн “Хувьсал”-ын кинонд л ажиллана гэж уяагүй. Өөр уран бүтээлд тоглох эсэх нь чөлөөтэй. Хувь хүн өөрөө хөрвөх чадвартай л байх ёстой. Байнга хөгжиж, дэвшиж байх хэрэгтэй гэж л боддог. Тэгэхээр боломж л өнөөдрийг хүртэл намайг уяж байна гэж хэлэх байна.
-Гэхдээ та жүжигчин хүн. Танд бусадтай адил мөрөөдлийн дүр байдаг биз дээ?
-Аливаа зүйлд тохирсон цаг хугацаа гэж байдаг. Тэр тохирсон цаг хугацаа, тэр зүйлийг мэдэртлээ хүлээх шаардлагатай бол хүлээх л хэрэгтэй. Хөдөлмөрлөх шаардлагатай бол хөдөлмөрлөх л хэрэгтэй.
-Өөрөөр хэлбэл, цаашид найруулагчаараа ажиллах сонирхолтой байх нь ээ?
-Бүгдийг нь хийж хүч тарамдаж, оронцоглоод баймааргүй байна. Нэг тал дээрээ төвлөрч, алдаа оноогоо дэнсэлж цаашид хөгжмөөр байна. Найруулагчаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд маш их суралцах хэрэгтэй байна. Бодож, төлөвлөсөн зүйл зөндөө л бий. Найруулагчаар ажиллаж үзэх сонирхол бол бий шүү.
-Ингэхэд хоёр Ганаатайгаа холбоотой байдаг уу?
-Тийм, холбоотой байдаг.
-Ямар харилцаатай байдаг вэ?
-Бид тус тусдаа уран бүтээлээ хийгээд л явж байна. Янз бүрийн нээлт, арга хэмжээ дээр нэг нэгнээ урина. Хаана ч таарсан өөрийн юм шиг мэдрэмжээрээ уулздаг. Түүнээс байнгын холбогдоод л, уулзаж ярилцаад байх боломжгүй. Бүх зүйлд учир шалтгаан байдаг. Зөвхөн нэг өнцгөөр харж болохгүй. Бүх зүйл хоёр талтай шүү дээ.
-Цаашид “Хувьсал”-ынхан ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай “Хувьсал” продакшны хувьд цаашид залуу уран бүтээлчдийг дэмжсээр байх болно. Угаасаа ч залуу уран бүтээлчдээ дэмждэг болохоор ч надад ч гэсэн итгэл хүлээлгэсэн. Би дараагийн уран бүтээлийнхээ ч Ерөнхий найруулагчаар ажилласан. Залуу хүн чинь хийж үзэж байж, алдаж онож байж сурна. Бүх зүйлийг төгс хийнэ гэж байхгүй.
Энэ ч утгаараа “Хувьсал” продакшны цаашдын зорилго дандаа залуу уран бүтээлчдийг дэмжинэ. “Хувь заяа” уран сайхны киногоороо ч гэсэн шинэ залуу уран бүтээлчдийг төрүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс залуу уран бүтээлчдэд манай үүд хаалга байнга нээлттэй, хамтарч ажиллахдаа баяртай байх болно.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 3 )