Дэлхийн Төв банкуудын бодлогын ШИЙДВЭРҮҮД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 09 сарын 11

Төв банкуудын бодлогын шийдвэрүүдийн талаар Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тоймд өгүүлснийг тодотгон хүргэе. 

АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ оны долоодугаар сарын 31-ний өдрийн хурлаар бодлогын хүүгээ 5.25-5.5 хувийн интервалд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.  АНУ-ын инфляц энэ оны гуравдугаар сард 3.5 хувьд хүрч нэмэгдээд байсан ч түүнээс хойш буурсаар зургадугаар  сард 3.0 хувь болов. Холбооны нөөцийн банк энэ  сард болох хурлаар бодлогын хүүгээ бууруулах боломжтой талаар шинжээчид таамаг дэвшүүлээд байна. 

Европын төв банкны удирдах зөвлөлийн 2024 оны долоодугаар сарын 17-ны өдрийн хурлаар шинжээчдийн хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргав. Өмнө нь 2024 оны зургадугаар сарын эхэнд болсон хурлаар бодлогын хүүгээ 0.25 пунктээр бууруулсан юм. Евро бүсийн инфляц зургадугаар  сард 2.5 хувь байгаа бол цаашид буурсаар 2025 оны төгсгөлд зорилт болох 2.0 хувийн түвшинд хүрэх тооцоотой байна. 

БНХАУ-ын Ардын банк энэ оны долоодугаар сарын 22-нд бодлогын хүүгээ 0.1 нэгж хувиар бууруулав. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2024 оны хоёрдугаар улиралд 4.7 хувь буюу хүлээлтээс бага гарч, тус улс энэ жилийн 5 хувийн өсөлтийн зорилтдоо хүрэхэд хүндрэлтэй байгаа талаар олон улсын байгууллагуудын тайланд дурдаж байна. Харин энэ шийдвэрээс хэдхэн хоногийн өмнө болсон Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв хорооны гуравдугаар их хурлын үеэр энэ жилийн эдийн засгийн зорилтдоо хүрэх шаардлагатай байгааг онцолсон юм. Ийнхүү төв банкны зүгээс эдийн засгийн идэвхжлийг дэмжих  зорилготой гэнэтийн шийдвэр гаргалаа.

Английн төв банк 2024 оны долоодугаар сарын 31-ний хурлаар бодлогын хүүгээ 5.25 хувиас 5.0 хувь болгож бууруулав. Тус улсын инфляц 2024 оны 5 болон 6 саруудад 2.0 хувьтай буюу зорилтот түвшинд байсан нь ийнхүү хүүгээ бууруулах үндэслэл боллоо. Түүнчлэн, энэ шийдвэр нь 2020 оны гуравдугаар  сараас хойш хүүгээ бууруулж буй анхны тохиолдол юм. Шинжээчдийн зүгээс энэ оны үлдсэн хугацаанд Английн төв банк дахин нэг удаа хүүгээ бууруулах шийдвэр гаргах таамаг дэвшүүлээд байна. 

ОХУ-ын төв банк 2024 оны долоодугаар  сарын 26-ны шийдвэрээр бодлогын хүүгээ 2 нэгж хувиар нэмэгдүүлж 18.0 хувьд хүргэв. Өмнөх оны арваннэгдүгээр сараас хойш 7.0-8.0 хувьтай байсан инфляц энэ оны зургадугаар  сард 8.6 хувь, долоодугаар  сард 9.1 хувьд хүрч эрчимжсэн нь ийнхүү мөнгөний бодлогыг чангаруулах шалтгаан боллоо. Энэхүү инфляцын өсөлт нь нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсээс ихээхэн шалтгаалсан гэж ОХУ-ын төв банкны зүгээс мэдэгдлээ. Түүнчлэн, тус улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн инфляцын хүлээлт нэмэгдээд байна. 

Японы төв банк 2024 оны долоодугаар  сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр 0-0.1 хувийн интервалд байсан богино хугацаат бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэж нэмэгдүүлэв. Энэхүү бодлогын шийдвэр нь иений ам.долларын эсрэг ханшийн сулралтыг хязгаарлах зорилготой байв. Иений ханш сүүлийн жилүүдэд ам.долларын эсрэг ихээр суларч, долоодугаар  сарын эхээр 1 ам.доллар 161 орчим иентэй тэнцэж байсан бол наймдугаар сар гарснаас хойш 150-иас доош орж чангарсан. Тус улсын инфляц энэ оны төгсгөлд 2.5 хувь, ирэх жил зорилтот 2.0 хувийн орчимд байх төсөөллийг төв банкнаас гаргажээ. Мөн цаашид Японы Засгийн газрын бондын худалдан авалтаа бууруулахаа мэдэгдлээ. Японы төв банкны хувьд одоогийн байдлаар Засгийн газрынхаа нийт бондын  ойролцоогоор тал хувийг нь эзэмшиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top