Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Монголбанк дунд хугацааны инфляцын зорилтыг 5 хувь орчимд тогтворжуулахаар зорьж буйгаараа онцлог болж байна гэж мэдэгдлээ.
Ингэхдээ 2025-2026 онд +/-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд тогтворжуулах, 2027 оноос 5 хувийн орчимд хүргэж бууруулах зорилтыг дэвшүүлжээ.
Мөн төгрөгийн ханшийн хувьд гадаад хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлах, макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, жижиг дунд бизнесийн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг зорилтуудыг тусгажээ.
Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд Монголбанк тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог хөгжүүлж, бэхжүүлэх, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, салбарын хяналт, шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлэх зэрэг зорилтыг тусгаснаа танилцууллаа.
Сэтгэгдэл ( 0 )