Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардыг хүлээн авч уулзжээ.
Уузалтаар “Бадрах энержи” ХХК-ийн зүгээс салбарын сайдад “Зөөвч-Овоо” ураны уурхайн төслийн үйл явц, цаашдын стратеги, бодлого төлөвлөлтийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцсон байна.
“Бадрах энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани бөгөөд олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч 3 компанийн нэг гэдгийг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэжээ.
Тус компани нь 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлэн 2006 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлжээ. 2016 оноос 3 ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 2018 оноос ГДУО үйлдвэрлэлийн туршилтын барилгын ажил, 2021-2022 оноос үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байна. Тус ураны орд нь 100 мян.тонн бүхий ураны нөөцтэй бөгөөд 2021-2022 онд үйлдвэрлэлийн туршилтаа амжилттай хийж, төслөө хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байгаагаа компанийн удирдлагуудын зүгээс илэрхийлсэн байна.
Жилд нийт 2,500 тонн уран гаргаж авах бүрэн нөөцтэй бөгөөд 33 жил тус хэмжээгээр тогтвортой үйлдвэрлэл явуулах боломжтойг онцлон дурджээ. Зөөвч-Овоо төсөл нь байгалийн ураны ислийг эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргах бөгөөд уурхай ашиглалтад орсноор 1500 орчим ажлын байр бий болох төлөвлөгөөтэй байгаа талаар танилцуулжээ.
Салбарын сайд Ц.Туваан төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, хэрэгжилтийн үе шаттай танилцаж, хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгөх байр сууринаас бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Бадрах энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг Казакстан улсад үйл ажиллагаа эрхэлдэг Катко уурхайн төсөлтэй танилцаж, тус улсад айлчлахыг урьжээ. Салбарын сайд Ц.Туваан Казакстан улсад айлчлах урилгыг хүлээн авч, ураны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ атомын цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах сонирхолтой буйгаа дурджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Туваанаа чамайг танилцсаар байтал 1жил болох нь,дахиад 2жил гаруй л үлдлээ,яана даа
танилцаад суух биш даруйхан ажил хэрэг болгох шаардлагатай байна.