Америкийн Нэгдсэн Улсад бүртгэлтэй “Даблью Эм Майнинг” (WMM) компанийн нэхэмжлэлээр 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Дэлхийн банкны дэргэдэх “Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв”-д үүсгэсэн хөрөнгө оруулалтын маргаанд Монгол Улсын Засгийн газар ялалт байгууллаа.
Уг маргаанаар “Даблью Эм Майнинг” ХХК Монгол Улсыг “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ээр хүлээсэн хөрөнгө оруулагчид таатай нөхцөл олгох, хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгөд шударга, адил тэгшээр хандах, хөрөнгө оруулалтыг хамгаалах зэрэг үүргээ биелүүлээгүйгээс хөрөнгө оруулагчийн эрхийг зөрчин их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр нөхөн төлбөрийг шаардсан юм.
Арбитрын бүрэлдэхүүн дээрх нэхэмжлэлийг хянан үзээд нэхэмжлэгчийг “хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалсан заалт, процессын журмыг урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгохыг оролдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч буюу Монгол Улсын Засгийн газраас арбитрын ажиллагаанд зарцуулсан зардлыг бүхэлд нь нэхэмжлэгчээс гаргуулах шийдвэрийг 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг өөртөө ашигтайгаар урвуулан тайлбарлаж, хууль бусаар давуу байдлыг бий болгох боломжгүй гэдгийг хөрөнгө оруулагчдад сануулсан явдал боллоо.
Сэтгэгдэл ( 0 )